Хэрэгтэй мэдээлэл

Амжилтын нууц 1: Эхлэл

Тэгж байгаад гүйнээ…

Тэгж байгаад өөрийн бизнестэй болноо…

Тэгж байгаад турнаа…

Тэгж байгаад ажлаа солиноо…

Тэгж байгаад зорилгоо бичнээ…

Та ингэж хэлээд хийх хүсэлтэй юмаа хойшлуулж байсан уу?

Бид бүгд л хүссэн юмаа ингэж хэлээд хойшлуулсан удаа бий гэж бодож байна. Тэгээд магадгүй одоо болтол хийгээгүй, хийх хүсэлтэй боловч “тэгж байгаад хийнээ” гэдэг үгээр өөрийгөө тайвшруулсаар байгаад өнөөдрийг хүрсэн байж болох юм.

Хичнээн хүн хэрэгтэй ажил эхлүүлчихээд түүнийгээ дуусгалгүй цааш нь дарчихсан гадуур алхаж байгаа болоо, хичнээн хүний тархинд өвөрмөц, шинэлэг санаа төрөөд түүнийгээ эхлүүлэлгүй хав дараад, диван дээрээ ТВ үзээд сууж байгаа болоо.
Та эдгээр хүмүүсийн дунд орж байна уу?
Магадгүй та завгүй, хүүхэд харах хүнгүй, өөр юм хийж байгаа болохоор эсвэл ядраад түүнийгээ хойшлуулсаар байж болох юм. Энэ бүгдийг хүндэтгэх шалтаг гэж ойлгож болох уу?

Бид хүсэл мөрөөдлөө дандаа ирээдүйтэй холбож боддог. Ирээдүйд мөрөөдөлдөө хүрнэ, ирээдүйд зорилгодоо хүрнэ, ирээдүйд турна, ирээдүйд дуртай ажилдаа орно, ирээдүйд хийх хүсэлтэй бүхнийгээ хийнэ гээд ирээдүйдээ нээх их ажил хийхээр хураадаг. Хэрвээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө ирээдүйд юм хийж эхлэх юм бол өнөөдөр юу хийх юм болоо? Өнөөдөр дургүй ажлаа хийх юм уу. Өнөөдөр жин нэмэх юм уу. Өнөөдөр зорилгынхоо эсрэг явах юм уу?…

Өөрөөр хэлбэл хэрвээ хүсэл мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр юм хийж эхлүүлэхгүй юм бол өнөөдөр түүнийхээ эсрэг алхах юм уу?
Та яагаад өнөөдөр хийж эхлүүлэхгүй байна вэ?
Цаг нь болоогүй байна уу

Хийхэд хэцүү байна уу

Хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байна уу

Завгүй байна уу

Залхуу хүрээд байна уу

Мэдлэг дутаад байна… уу.

Хичнээн залхуу хүрч байсан ч танд гараад гүйсэн үе бий юу? Хэдий айж байсан ч үзээд алдсан үе бий юу? Хэдий хэцүү байсан ч гүрийгээд үзсэн үү? Хэдий ядарсан ч хүчээ шавхаад үзсэн үү? Яагаад гэвэл энэ бүх шалтаг ихэвчлэн зөвхөн бодол байдаг. Хэрвээ энэ бүгдийг үл харгалзан хийж эхлэх юм бол бүх зүйл өөрөөр эргэдэг. Хүсэл мөрөөдөл шалтгаас илүү хүчтэй гэдгийг мэдэрдэг.

Та өнөөдөр хүсэл мөрөөдлийнхөө төлөө юм хийж эхлүүлснээр түүнийгээ ирээдүйд бодит болгоно. Өнөөдөр эхлүүлээгүй бол таны хүсэл мөрөөдөл үргэлж ирээдүйд үлдэнэ. Харин тэр ирээдүй ирэхэд аль хэдийн хожимдсон байх вий.

ИРЭЭДҮЙ ТАНЫГ ӨӨРЧЛӨХГҮЙ, ТА ИРЭЭДҮЙГЭЭ ӨӨРЧИЛНӨ.

Эх сурвалж: УКА ТӨМӨР

Ойролцоо илэрц

Leave a Comment