Санхүүжилт олох Хэрэгтэй мэдээлэл

ЖДҮ зээл 3% < 18.5% НАЯД бонд

3% бол ЖДҮ-ийг дэмжих зээлийн 1 жилийн хүү. Бид 420,000,000 төгрөгийн “НААД бонд”-ыг 2018 оны 4 сард босгосон. Энэ бондын жилийн хүү 18,5%. Жилд төлөх хүү нь 77,700,000 төгрөг. Яг энэ мөнгийг ЖДҮ-ийн зээлээр авсан бол жилийн хүү нь 12,600,000 төгрөг. Зөрүү нь 65,100,000 төгрөг. Бараг жижиг үйлдвэрийн сэндвичэн барилга барих мөнгө шүү. ЖДҮ зээл нь урт хугацааны буюу 5 жилийн хугацаатай, эхний жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. НААД бонд 1 жилийн хугацаатай, хугацааны эцэст хүүгийн хамт төлөгдөнө.
Нэг сонин жишээ дурдахад, одоогоос 5 жилийн өмнө оюуны бүтээлийн патентийг өмч гэж тооцоод ЖДҮ зээлийн нөхцлөөр зээл олгож болно гээд шоудсан нэг арга хэмжээ болов. Програмистуудын чуулган гээд нэг юм болсон доо. Арга хэмжээнээс 10 хоногийн дараа гарын үсэг зураад байсан газруудаар очлоо, мэдэж байгаа хүн алга. Банкин дээр очлоо, бас мэдэж байгаа хүн алга. Уул нь тэр арга хэмжээн дээр гарын үсэг зураад сүйд болоод л байсан юм. Одоо болтол ажил хэрэг болсонгүй дээ.
Бид анх НААД брэндийнхээ шинэ бүтээгдэхүүнээ гаргах гээд санхүүжилт олохоор олон ч зээл хөөцөлдлөө. Үйл ажиллагаа тогтворжоогүй, барьцаа хөрөнгө хангалтгүй шалтгаанаар хасагдлаа. Дараа нь үйл ажиллагаа шаардлагыг нь хангаад очихоор энэ жилийн мөнгө дууссаан гэдэг хариу сонсоно. Тэгээд л Монголд зээл бүтэхгүй юм байна гээд 2 ч удаа гадны краудфандинг сайтаар санхүүжилт татах гэж үзлээ. Эхнийх нь юу ч олсонгүй. Туршлагагүй ч байлаа. Хоёр дахь дээрээ 100 долларын санхүүжилт татлаа. Одоогоор бол 250,000 төгрөг л дөө. Яг энэ ажлыг хөөцөлдөж явахдаа Монголоос гадагшаа мэдээлэл түгээлт ямар муу юм бэ гэдгийг мэдсэн. Биднийг дэлхий хэн ч гэж тоож харахгүй, юм хийж чадна гэж боддоггүй нь илт байгаа юм. Гардаг мэдээ нь уул уурхай, улс төр.
За тэгээд гарааны бизнесээ эхлүүлэхийн тулд хөрөнгө босгох төлөвлөгөө гэж уртаас урт жагсаалт гаргаад бүгдийг нь хөөцөлдөж үзлээ. Үүнээс нэг л хувь хүн хөрөнгө оруулалт хийсэн дээ. Зах зээлд бүтээгдэхүүнээ гаргалаа. Амжилттай сайн явж байна. Гэхдээ мэдээж гарааны бизнес цаашаа хөгжих хэрэгтэй болно. Санхүү мөнгө байнга л дутагдана. Тэгээд бага хүүтэй зээл нэгэнт мөрөөдөл болсон учраас бид хөрөнгийн зах зээл дээр бонд босгохоор зүтгэв. 2017 оны 11 сараас энэ ажлыг эхлүүлээд 2018 оны 4 сард НААД бондыг босголоо. Бүтэн 6 сар аудит, хууль, санхүүгийн шинжээч, андеррайтер, даатгал гээд олон салбарынхан хамтран ажиллаж НААД бондыг босгосон. Маш сайн баг бүрдээд их сайн ажилласан гэж боддог. Энэ ажлаас бид асар их мэдлэг, туршлага олж авсан их зөв ажил болсон гэж боддог. Санхүүжилт маань ч босож бид богино хугацаанд өргөжин тэлэх боломжийг олж авсан. Бид энэ мөнгөөр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс гадна үндсэн үйл ажиллагаагаа өргөжүүлж дахин хоёр шинэ төслийг эхлүүлсэн. НААД бондын хүү ЖДҮ-ийн зээлийн хүүний хажууд өндөр ч гэсэн зах зээл дээр хадгаламжийн хүү хэд байгаа билээ, тэрнээс жаахан илүүгээр эрсдэл гарган бидэнд итгэн бондыг маань авсан хүмүүстээ харин их баярлаж явдаг шүү. Тэд төрөөс илүү бидэнд итгэн дэмжлэг үзүүлсэн хүмүүс.
Сонирхуулахад, НААД брэндийн МиМо гэрийг хийхэд 12 ААН, хувь хүн хамтран хийдэг. Нийт 30 орчим хүн ажилладаг. Оёдол дээр тэтгэвэртээ гарсан болон өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилладаг. Хуванцар хэсэг, эсгий, оосор бүч, тавилга, сав баглаа боодол, гарын авлага, тор гээд маш олон хэсгийг бид олон хүмүүс, ААН-тэй хамтран хийдэг. Орчин үеийн үйлдвэрлэлийн кластерийн системийг жижгээр ч болсон хөгжүүлчих юмсан гэж хичээж л байна. Энэ бол нэг бүтээгдэхүүнийг бүгдийг өөрсдөө хийх биш, чаддаг чаддагаараа хамтран орлогыг тэгш хуваарилж, олон хүн хүртэх систем юм. Нөгөө талаар нэг зүйлийг дагнаж хийдэг хүмүүсийн чадвар сайжирч, бүтээгдэхүүн чанартай гарах боломжийг олгодог. Зөвхөн манайх гэлтгүй олон ЖДҮ нар ингэж ажиллаж байна. Хэрвээ ЖДҮ-ийн нэг жилийн 3 хувийн хүүтэй зээл олддог бол хэчнээн хүн ажлын байр, орлоготой болох бол, илүү их хөгжих бол гэж бодоод харамсаж л сууна.
Би гарааны бизнесийн зарим арга хэмжээн дээр ментор хийдэг л дээ. Тэдний явах замыг өөрийн биеэр туулсан юм болохоор чадахаараа л зөвлөж, хэлж өгөх гэж үзнэ. Тэнд гарааны болон жижиг дунд бизнесийнхэн бүтэн нэг сар сургалтанд суугаад, хоорондоо өрсөлдөөд 10 сая төгрөг авахын төлөө бөөн юм болно. Тэгээд өрсөлдөөд ихэнх нь авч чадахгүй. Жинхэнэ ЖДҮ нар тэнд л хүсэл мөрөөдлөө тээн очно. Уг нь энэ дарга нарын авсан мөнгөний хажууд ёстой задгай мөнгө шиг л мөнгөөр тэд босоод ирэх юм байгаан.
Манайд ЖДҮ-ийг дэмжинэ гэхээр мөнгөөр л дэмжих юм ойлгоод байдаг. Мөнгөнөөс гадна зах зээл, татвар, хууль эрх зүйн орчноор нь дэмжээд өгдөг бол ч сайхан байнаа. Янз бүрийн сургалтууд болдог ч практик сургалт үнэндээ алга. Онолын сургалт аваад за ойлголоо гээд л болоо.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн энэ асуудал дээр яагаад ингээд анхаарал тавиад байна гэхээр бид гадны орнуудыг жишиг болгож ярих дуртай. Тэгвэл Тайваний хөгжлийн нэг тулгуур нь ЖДҮ-ийн салбар юм. ЖДҮ-ийн ДНБ-д эзлэх хувиар Тайвань 81%, байдаг бол экспортын орлогын 48% нь ЖДҮ-гээс орж ирдэг. Экспортын орлогын тал нь шүү дээ. Нийт ажил эрхлэлтийн 79% нь ЖДҮ-ийн салбарт оногддог. Монголд ЖДҮ салбарт ажил эрхлэлт 57%-тай байдаг. Нийт компаниудын 97% нь ЖДҮ-чид юм. Надад байгаа мэдээлэл л энэ. Ер нь сайн судлаад үзвэл Тайваны ЖДҮ-г хөгжүүлсэн туршлага бидэнд их хэрэг болж ч мэдэх юм. Нэг мундаг Ерөнхий сайд гарч ирээд л бужигнуулаад, ЖДҮ хөгжих эхлэлийг нь тавьсан гэдэг юм билээ. Манайд тэр нь хэзээ ч гарч ирэх юм бүү мэд.
ЖДҮ-ийн зээлийн эргэн тойронд байгаа асуудлаас болж АЛДАГДСАН БОЛОМЖ, УНТАРСАН ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ эргэж хэзээ ч ирэхгүй нь харамсалтай юм даа. Гэхдээ магадгүй ШИНЭ ЭХЛЭЛ ч байж болох юм.

Эх сурвалж: С.САНДАГДОРЖ

 

Ойролцоо илэрц

Leave a Comment