Хэрэгтэй мэдээлэл

Интернэт худалдааны веб хуудсаа хэрхэн сайжруулах вэ?

Интернэт худалдааны веб сайтад зочлогсдод итгэл төрүүлэн борлуулалт хийлгэнэ гэдэг тийм ч амар биш байдаг, ялангуяа гадаад руу чиглэсэн веб сайтын хувьд. Бүтээгдэхүүний танилцуулга бүхий веб хуудас нь интернэт худалдааны веб сайтын хувьд борлуулалтад нөлөөлдөг гол хүчин зүйл байдаг.

Веб сайтаар зочлогсдыг харилцагч болгоход юу хэрэгтэй байна тэр бүгдийг өгч чадах сайн хуудас хийж чадах эсэх нь танаас л шалтгаалах хэрэг.

Бүтээгдэхүүний танилцуулга бүхий сайн веб хуудас гэж юу вэ? Бүтээгдэхүүний тухай хэрэгтэй мэдээллүүдийг өгч чаддаг, баталгаа өгч чаддаг, харилцагч болгоход урам зориг өгч ятгаж чаддаг хуудас гэсэн байна. Энэ нь мэдээж салбар болгон дээр өөр, өөр байх боловч таны бизнест тохирч чадах сайн хуудас бий болгож чадах эсэх нь мөн л танаас шалтгаална.

Интернэт худалдааны веб сайтын хувьд орлогод нөлөөлөх хамгийн гол хэсэг бол бүтээгдэхүүний танилцуулга бүхий хуудас бөгөөд түүнд оруулсан бага зэргийн өөрчлөлт нь борлуулалтад нөлөөлөх юм.

1. Гүүглийн илэрц. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол гүүглийн хайлтын илэрцийн тайлбар хэсгийг сайжруулах явдал юм. Таны санал болгож буй бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн болох талаар, ашиг тус нь юу болох талаар, яагаад хүмүүс худалдаж авах ёстой талаар мэдээлэл өгөх ёстой юм.

Энэ нь гүүглээс хайлт хийж буй хүмүүст харагдах хэсэг юм. Тийм болохоор гарчиг болон агуулгыг нь аль болох сонирхол татахуйц байлгах ёстой. Мөн гол түлхүүр үгээ тайлбар хэсэгтээ оруулахаа мартаж хэрхэвч болохгүй.

2. Бүтээгдэхүүний танилцуулга. Хэрэв хэрэглэгчид бүтээгдэхүүн санал болгож буй хуудсанд чинь зочлоод сонирхож үзэлгүй гараад явчхаж байвал үүнийг гүүгл үзэхдээ хайлт хийж байгаа хүмүүс тухайн веб сайтаас хайж буй зүйлээ олж чадахгүй байна хэмээн дүгнэдэг бөгөөд үүнээс шалтгаалан таны веб сайтын гүүглийн хайлт дээгүүр гарах эрэмблэлтийг бууруулдаг. Дээгүүр гарахгүй бол их урсгал веб сайтдаа авч чадахгүй болно.

Үүнээс сэргийлэхийн тулд гол хийх зүйл бол бүтээгдэхүүний танилцуулга дээрээ төвлөрөх явдал юм. Бүтээгдэхүүний тань тодорхойлолт сонирхолтой байж чадаж байна уу? Веб хуудсаар зочлогсод яагаад уг бүтээгдэхүүнийг худалдаж авах ёстой вэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хэрэв зураг болон дүрс бичлэгийн чанар сайн бөгөөд тэд юу худалдаж авах гэж байгаагаа ойлговол худалдан авалт хийх тоо нэмэгдэх болно. Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан хүмүүсийн санал, сэтгэгдэл доор нь байвал худалдан авалтад бүр илүү нөлөөлөх болно.

3. Гарчиг хэсэг. Гарчигтаа түлхүүр үгээ оруулсан байх ёстой бөгөөд аль болох бүтээгдэхүүнийг зураглах ёстой юм.

4. Онцлог шинжүүдийг нь тусгах. Хэрэглэгчид тухайн веб хуудсанд зочлоод гол онцлогуудыг дурдсан хэсгээс яг юу авах гэж байгаагаа мэдэж чадвал худалдан авалтын шийдвэр гаргах нь нэмэгддэг. Энэ нь хайлтын системээс урсгал авахад туслахын зэрэгцээ мэдээж борлуулалтад ч мөн нөлөөлдөг.

5. Бусад бүтээгдэхүүн. Тухайн бүтээг­дэхүүн­тэй холбоотой байж болох бусад бүтээгдэхүүнүүдийг доор нь харуулж байх хэрэгтэй.

Аль нэг бусад веб сайтын борлуулалтыг нэмэгдүүлсэн хүчин зүйлүүд танай сайтад хэрэгжихгүй ч байж болно. Туршиж үзэж байж л юу танай сайтын борлуулалтад эерэг нөлөө үзүүлэхийг мэдэх боломжтой болдог.

6. Хэрэггүй зүйлийг хасах. Яг ямар хүчин зүйл борлуулалтад нөлөөлж байгааг мэдэхгүйгээс болоод хэт их хэрэггүй зүйлс веб хуудсандаа оруулах тал бий. Аль болох энгийн, ойлгомжтой байлгах нь бас нэг чухал үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй.

Мэдээж хэрэглэгчдийн сэтгэгдэл гэх зэрэг зүйлс байх хэрэгтэй боловч тэдгээр нь борлуулалтад нөлөөлөх CTA /call-to-action/ үйлдэлд дуудах үүргийнх нь хүчийг сулруулж болохгүй!

7. CTA буюу үйлдэлд дуудах үүргийг аль болох тод харагдуулах. Сагсанд бүтээгдэхүүнээ хийх, төлбөр хийх зэрэг товчууд чинь сайн ялгарч, хаана дарах нь ойлгомжтой, тодорхой байж л хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй борлуулалтад хөтөлнө.

8. Хурд. Бүтээгдэхүүний хуудасны ачаалах хурд удаан бол хэрэглэгчид залхаад гараад явчихдаг. Хурд их байх тусмаа борлуулалтад мөн нөлөөлдөг.

9. Бүтээгдэхүүний зураг. Бүтээгдэхүүний зураг хэрэглэгчдэд итгэл төрүүлэхэд нэлээд үүрэгтэй. Зургийн тусламжтайгаар л яг юу худалдаж авах гэж байгаагаа харах учраас аль болох нарийвчлал сайтай зураг оруулах, урд, хойд, хажуу байрлалуудаас авсан зургуудыг мөн оруулах хэрэгтэй. Мэдээж мэргэжлийн түвшинд авсан зураг бол сайн.

10. Тайлбар мэдээллийг ойлгомжтой байлгах. Тайлбар мэдээлэл сайнгүй бол хол явахгүй шүү! Хэрэглэгчид юу мэдэхийг хүсэж байна түүнд хариу өгөхөд гол анхаарлаа хандуулаарай. Үүнд: үнэ, тээвэрлэлтийн нөхцөл, мэдээлэл, бэлэн байгаа тоо хэмжээ, өнгөний сонголт, размерын хэмжээ зэргийг тусгасан мэдээллүүд хэрэгтэй. Товч тодорхой байлгах болон гол онцлог шинжүүдийг нь тусгасан байвал сайн.

11. Итгэл төрүүлэхүйц байх. Веб сайтаар зочлогсдод итгэл төрүүлэхийн тулд тэдэнд бүтээгдэхүүний чанар, хэмжээ, буцаалтын нөхцөл болон хэрэглэгчдэд ямар нэг асуудал тулгарвал лавлах утас зэрэг мэдээллүүдийг оруулж тэднийг итгэлтэйгээр худалдан авалт хийхэд нь туслах бүх талын нөхцөлийг бүрдүүл. Худалдан авсан хүмүүсийн бүтээгдэхүүний талаар бичсэн санал, сэтгэгдлийг ил харагдах газар байрлуулах, тэд худалдан авалт хийж байгаа цор ганц хүн биш гэдгийг нотлох мэдээллүүдийг сайн оруулж байх зэрэг нь итгэл төрүүлэхэд мөн тусалдаг.

Дээрхээс харахад дээрх хүчин зүйлс интернэт худалдааны веб сайтын худалдан авалтад нөлөөлдөг байна. Веб сайтаа хэр сайн сайжруулж, орлогоо нэмэгдүүлж чадах эсэх нь танаас л шалтгаалах юм. Дээр дурдсан хүчин зүйлсийг сайжруулахын тулд байнга туршилт хийж байх нь веб сайт дахь борлуулалтад нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу болохыг мэдэх боломжийг олгодог байна.

Эх сурвалж: Компассо

Ойролцоо илэрц

Leave a Comment