Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

ЭЛОН МАСК & SPACE-X

2018 оны 2 дугаар сарын 06-нд АНУ-ын “SpaceX” хувийн компани 64 тонн жинтэй аварга том пуужинг хөөргөж дэлхийн тойрог замд орууллаа. Хүн болгон сансар судлалын салбарт гарч буй энэхүү амжилтыг магтан сайшаав. Харин уг компанийг байгуулсан Элон Маскын талаар та бүхэнд мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодлоо. Ингээд 20.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, канад, америкийн бизнес магнат, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч Элон Маскыг хамгийн хураангуй хэлбэрээр дараах байдлаар хүргэж байна.
Элон Маск 1971 оны 6 дугаар сарын 28-нд Өмнөд Африкт төржээ. Тэрбээр 10 настай байхаасаа эхлэн компьютер сонирхох болж программ бичиж сурчээ. Тэрбээр дөнгөж 12 настай байхдаа “Blaster” нэртэй тоглоом бүтээж түүнийгээ нэгэн сонины газар 500 ам.доллараар худалдаж байсан сэргэлэн жаал байв. Дунд сургууль төгсөөд 17 настайдаа Канадад очиж сууршин Хатан хааны коллежид элсэн орсон боловч хоёр жилийн дараа АНУ-ын Пеннсилваниа мужийн их сургуульд физик болон эдийн засаг судлах болжээ.
Удалгүй аавынхаа 28 мянган ам.долларыг ашиглан төрсөн дүү болох Кимбал Масктай хамтран “Zip2” гэдэг нэртэй хотын аялал жуулчлалд зориулсан компани байгуулжээ. Нээх удалгүй “Zip2” компаниа “Compaq computers” компанид 307 сая ам.доллараар зарахад Элон Маскад 22 сая ам.доллар оногдсон байна. Олсон мөнгөнийхөө бараг хагасыг нь интернет банкны төлбөр, үйлчилгээ үзүүлдэг “X.com” компани байгуулахад ашиглав. Энэ компани нь ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг “Confinity” компанитай нэгдэж “PayPal” компани болоход Маск компанийн ихэнх хувьцааг нь эзэмших болжээ.
2001 онд тэрбээр Ангараг гариг дээр туршилтын ногоон байгууламж барих тухай төсөл боловсруулж эхлэв. 2002 онд “eBay” компани “PayPal” компанийг 1,5 тэрбум ам.доллараар худалдаж авахад Маск 180 сая ам.доллартай гарч явлаа. Том мөрөөдөл тээсэн Маск тив алгасан нисдэг баллистик пуужин худалдаж авах бодолтой Орос руу явжээ. Оросуудтай уулзахад 8 сая ам.доллараар нэг пуужин худалдаж авах санал тавьжээ. Маскын хувьд арай л хэтэрхий үнэтэй санагдав. Тэд “Пацаан минь, чамд мөнгө байхгүй юм уу” гэж тоглоом шоглоом хийхэд хариуд нь Маск “Миний бодлоор бид өөрсдөө пуужин бүтээж чадах юм шиг байна” гэж хэлээд уулзалтыг орхин гарчээ.
Москва хотоос буцах замдаа Маск өөрт нь хэрэгтэй байгаа пуужинг бүтээж чадах компани байгуулах тухай бодож явлаа. Маскын гаргасан тооцоогоор бол тухайн үед пуужинг бүтээхэд ашиглаж буй түүхий эдийн өртөг нь жинхэнэ пуужингийн нийт өртөгийн ердөө гуравхан хувь болж байлаа. Түүний бодож байсан шинэ компани нь пуужин бүтээх болон хөөргөх зардлыг хамаагүй хямдруулах боломж олгох ёстой болов. Ингээд 2002 оны 5 дугаар сард 100 сая ам.долларын хөрөнгөөр “SpaceX” компанийг байгууллаа. Компани нь сансарын хөлөг бүтээж түүнийгээ арилжааны зориулалттай ашиглахаар төлөвлөж байсан юм.
2006 онд хамгийн анхны пуужингийн туршилтаа хийсэн ба пуужин агаарт хөөрөөд дөнгөж 33 секундын дараа дэлбэрсэн байна. 2007 онд хоёрдахь, 2008 онд гурав дахь пуужингийн туршилтууд нь бүгд амжилтгүй болж, компанид итгэх олны итгэл алдарчээ. Ялангуяа 3 дахь туршилтын нислэгийн бүтэлгүйдэл нь компаний хувь заяаг золтой л шийдэх дөхжээ. Ингээд Маскт зөвхөн 4 дэхь пуужинг л санхүүжүүлэх мөнгөтэй үлдсэн байна. 2008 оны 9 дүгээр сарын 28-нд “Falcon-1” пуужин амжилттай хөөрч дэлхийн тойрог замд орлоо. Элон Маскын хувийн компани анх удаа шингэн түлш бүхий пуужинг амжилттай хөөргөж чаджээ.
2008 оны 12 дугаар сарын 23-нд АНУ-ын НАСА нь Олон улсын сансарын станцад ачаа хүргэж өгөх зорилгоор “SpaceX” компанитай 1,6 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан юм. 2011 онд “SpaceX” компани дахин ашиглах боломжтой хөөргөх системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгааг олон нийтэд зарлав. Хэд хэдэн бүтэлгүй оролдлогын дараа 2015 оны 12 дугаар сард түүхэнд үлдэх үйл явдал болж сансарт хөөрсөн пуужин дэлхийд эргэж амжилттай газардсан билээ. 2017 оны 3 дугаар сард тус компани сансарт хөөрсөн пуужинг далай дээр эргэн буулгасан байдаг.
Ер нь ихэнх зөөгч пуужингууд сансарт хөөрсөний дараа дэлхий руу унаж шатах зориулалттай байдаг бол тус компанийн зөөгч пуужингууд буцаж дэлхийд буугаад цэнэглээд дахин хөөргөх боломжтойгоор бусдаас онцлог юм. Одоо Элон Маск Ангараг гариг дээр бүхэл бүтэн хот барих том мөрөөдөлтэй ажиллаж байна.

Ойролцоо илэрц

Leave a Comment