Бизнес блог

Хувиараа бизнес эрхлэх гэж буй хүмүүст зориулав

Монголд бизнес эрхлэнэ гэдэг хэцүү. Аан бизнес гэдэг нь наадмын талбай дээр очоод хуушуур зарах, ах дүү хамаатан саднаасаа мөнгө зээлээд жижигхэн дэлгүүр ажиллуулах, онлайнаар бараа захиалж авчраад фейсбүүкээр зарах зэргийг би ерөөсөө яриагүй байна. Луйвардаж мөнгө олох талаар бүр ч яриагүй байна шүү. Бизнес хийх гэдэгт инноваци хийж, нийгэмд сайн сайхан өөрчлөлтийг авчрах, аль аль талдаа ашигтай үр дүн авчрах гэрээг байгуулах, түүнийхээ хажуугаар мөнгө олж ажилчдаа (Эсвэл дан өөрийгөө) тэжээхийг яриад байгаа юм л даа. Энэ үнэхээр бодсоноос төвөгтэй эд шүү.

Одоогоос яг жил хагасын өмнө би найзуудтайгаа нийлж start-up компани байгуулсан юм. Эхэндээ ч урамтай л байлаа, оффисын найр цэнгээн, өөрөө өөрийнхөө босс байх, хүссэн зүйлээ хийх эрх чөлөө гээд л. Оффисоо түрээслээд, түрээсийнхээ мөнгөө хувааж төлөөд (Данс нээгээд тийшээ урсгал зардлын мөнгөө хийж байя гэж ярьсан боловч худлаа болсон) шив шинэ цагаан самбар авч өлгөөд л, өөр өөрсдийнхөө компьютерээ гэрээсээ авчраад л нүдэж гарсан. Хэд хэдэн санаа гаргалаа, хоорондоо ярилцлаа, муудалцлаа, тал тал тийшээ харлаа, буцаж эвлэрлээ тэгээд л ярилцлаа. Тэгж тэгж 3 сайхан санаа гаргаад тэрийгээ танилцуулахаар Start Up Weekend-д оров, хүмүүстэй танилцлаа, mentor-той ч болоод амжив. Эхэндээ үнэхээр догь байсаан, яг л шив шинэ санаа олчихсон, энийг хийгээд л алдартай болж, зөндөө мөнгөтэй болчих юм шиг санагдаад л. Гэвч удалгүй хүч саарч ирсэн. Надтай хамт энэ бизнесийг эхлүүлж, санааг нь хамт гаргасан хүмүүс өөрсдийнхөө санаанд итгэлтэй биш болж ирэхэд сандардаг юм билээ. Гол нь би яаж энэ хүмүүсийг зоригжуулж, урам өгвөл энэ ажлаа урьдынх шигээ зоригтой үргэлжлүүлэх вэ гэдэг дээр ямар ч ойлголтгүй байлаа. Зөндөө л хурал хийж, яах ийхийг нь сонсохыг хүссэн ч нэг л хүссэнээр болж өгдөггүй. Тэгээд удалгүй бүгд өөр өөрийнхөө дуртай зүйлийг хийж эхлэн, оффис дээр байх хугацаа нь ч багасч, хамт сууж төлөвлөгөөгөө ярихаа ч больж үндсэндээ хөндийрч эхэлсэн л дээ. Тухайн үед галзуурмаар санагдаж байсан тэр үеийг дараа нь бодоход нэг л хоосон хөндий санагдаж, түүний дараачаас яг юунд болж тэгж бүтэлгүйтэх болов гэдгээ эрүүлээр сэтгэж эхлэдэг юм билээ. Одоо бол надад ямар нэгэн муухай дурсамж үлдээгүй бөгөөд харин ч ахиад эхлүүлэхэд ч бэлэн санагдаж байна. Хүн ер нь ийм л байх юм дөө. Гол нь энэ үйл явдлаас суралцаж, туршлага хуримтлуулах нь л хамгийн гол шүү дээ гэж санагдах юм.

Үүнээс хойш жил хагас өнгөрч бид бүгдээрээ өөр өөрсдийнхөө дуртай ажлаа хийж найзууд хэвээрээ үлдсэн. Заримдаа байгаа зүйлийг байгаагаар нь үлдээх хэрэгтэй ч юм шиг. Тэр ч яахав болоод өнгөрсөн зүйл. Харин энэ бүх үйл явдлаас хэд хэдэн зүйл ойлгож авсан.

  1. Багаа маш сайн бодож сонгох хэрэгтэй. Энийг эхэнд бичдэг нь яагаад гэвэл хамгийн чухал учраас. Заавал багын сайн найз, чиний жинхэнэ хам байх нь чухал биш. Чамтай хамт нүдээ аниад ус руу орох хүнтэй л бизнес эхлүүлж болохгүй. Чи тэнэг зоригтой байгаад ус руу нүдээ аниад үсэрч байгаа бол чиний хамтрагч чинь ядаж өөрсдийгөө усанд хэр сайн сэлдгийг эхлээд тооцоолсон байх хэрэгтэй.
  2. Өөрсдийн дуртай салбарт хүчээ үз, гэхдээ өөрсдийнхөө чадлыг эхлээд үнэлсэн байх ёстой. Чи болон чиний хамтрагч чинь software бичиж солиотой гоё үйлчилгээ гаргах сонирхолтой байгаа ч software-ийг чинь бичих хүнийг олдоггүй л юм бол бизнес анхнаасаа л бүтэлгүйтнэ.
  3. Яагаад бизнес эрхлэх болсоноо тунгаах. Зарим хүмүүс өөрсдийнхөө мэдрэмжийг дагаад л бизнес эрхлэгч болдог гэнэ. Тэр мэдрэмж хаанаас ирдэг вэ гэвэл чи үнэхээр энэ салбарт туршлагатай, хэнээс ч илүү мэдлэгтэй байж чамд өөрөө хүчээ сорих мэдрэмж төрж болно. Эсвэл зүгээр л чи төрөлхийн бусдаас өөр сэтгэдэг, бусдын доор ажиллаж чаддаггүй, гүйлгээ ухаан сайтай зэрэг чадваруудтай байж болно. Ямар ч байсан өөрийнхөө мэдрэмжинд хэт автаж болохгүй, гэхдээ зүгээр хаяж болохгүй.
  4. Цагийн менежмент муутай хүн хэзээ ч бусад хүнийг удирдаж чадахгүй. Өөрийгөө удирдаж чаддаггүй хүн бусдыг удирдаж чаддаггүй гэдэг. Гэхдээ энэ тохиолдолд хамгийн чухал зүйл болох цагийн менежментийг чухалчилъя. Энэ үнэхээр үнэн шүү. Чи тэнд ажлуудаа хуваарилж чадахгүй, чухал гэсэн ажилдаа цаг гаргаж чадахгүй байвал танай хамтрагчид чинь чамтай ажиллана гэж гонжийнжоо.
  5. Төлөвлөгөө анхнаасаа муу гарсан бол сандрах хэрэггүй, дахиад л төлөвлөх хэрэгтэй. Бизнес дөнгөж эхлэж байхад сэтгэлийн хөөрлөөр их олон солиотой юм хийнэ л дээ. Тэгсэн ч дараа нь ингэсэнгүй тэгсэнгүй гэж харамсаж суухаар ахиад нэг төвлөрч суугаад төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна. Төгс төлөвлөгөө гэж байхгүй, гэхдээ бүтдэг төлөвлөгөө гэж байдаг.

Дахин хэлье. Би тэгэж бизнес хийгээд сүйдтэй амжилт олсон хүн бишээ. Магадгүй энэ блогийг уншаад сууж байгаа танаас ч бага туршлага, мэдлэгтэй хүн байгаа. Тэглээ гээд би өөрийгөө голоод сүйд болоод байдаггүй ээ. Харин ч өөртөө тохиолдсон амжилт, бүтэлгүйтлийг бусадтай хуваалцаж байх нь зөв мэт санагддаг. Тэд ч бас нэг зүйлийг ухаарах ч юм билүү хэн мэдлээ. Энэ нь миний ч сэтгэлийг хөнгөлдөг их шидтэй гэж бас хэлмээр байна.

Өнөөдөр би хоол идэж суугаад нэг гайхалтай санаа олсон нь маш сайхан ажлын эхлэх байж магадгүй гэж бодоод байна. Тэр нь юу вэ гэвэл би өөрийнхөө бодсон сэдсэн янз бүрийн санааг өөртөө хадгалаад л суух биш харин бусад энэ төрлийн бизнес хийхээр зэхэж байгаа, хийж байгаа хүмүүстэй хуваалцахаар шийдлээ. Тэр нь заавал тус болох албагүй л дээ. Угаасаа 95% нь шал хэрэггүй санаа байгаа гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Гэхдээ яахав дээ ядаж хураагаад байлгүй тараагаад өгвөл аль санаа нь бүтэх, аль нь бүтэхгүй гэдгийг хүмүүс хэлээд өгөх байлгүй дээ.

Эх сурвалж: https://medium.com/@spacemonki

Ойролцоо илэрц

Leave a Comment