Хэрэгтэй мэдээлэл

БИЗНЕСҮҮД ЯАГААД ВЕБСАЙТТАЙ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ВЭ? ВЕБСАЙТАА ХЭРХЭН МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТЫН ЦӨМ БОЛГОХ ВЭ?

Бизнесээ өргөжүүлж, илүү олон хүнд хүргэхэд яагаад заавал вэбсайт хэрэгтэйг хараахан ойлгоогүй аль эсвэл бүрэн дүүрэн тодорхойлж амжаагүй байна уу? Тийм бол бид танд яг яагаад вэбсайт хэрэгтэйг ойлгуулах үүднээс дараах давуу талуудыг хүргэж байна. Эдгээр давуу тал нь таныг яагаад бизнесдээ зориулан вэбсайт хийлгэх хэрэгтэйг ойлгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

1.  Илүү нээлттэй болж олон хүнд хүрнэ.

Интернэтийн хэрэглээний хурдацтай өсөлтийн үр дүнд ROBO /research online before buying online/ эффэкт буюу хэрэглэгч аливаа худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар илүү ихийг онлайнаар судлах үзэгдэл бий болсон. Үр дүнд нь хэрэглэгч өөрт тулгамдаж буй асуудлыг цахим орчноос буюу интернэтээс хайх замаар тохирсон шийдлээ ч олж авч чаддаг болсон. Танай байгууллага нь вэбсайттай байснаараа хэрэглэгчиддээ илүү нээлттэй болж, хэрэглэгчид тулгамдаж буй асуудлаар дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэн зөв мэдээллээ хүргэж тэдний худалдан авалтын шийдвэрт нөлөөлөх боломжтой юм.

2. Цахим орчин дахь нэр хүнд өснө.

Тухайн байгууллагад итгэх итгэл нь вэбсайтын дизайнаас шууд хамаардаг хэмээн нийт хэрэглэгчдийн 75 хувь нь судалгаагаар хариулсан байдаг. Мөн вэбсайтад байрлах хэрэгцээт мэдээллүүд нь танай байгууллагын талаарх зөв мэдээллийг хэрэглэгчид хүргэж байдаг. Үнэн зөв, оновчтой мэдээлэл, итгэл төрүүлэхүйц загвар дизайнтай вэбсайт нь цахим орчинд байгууллагын нэр хүндийг өсгөх чухал хэрэгслүүдийн нэг болдог.

3. Хэрэглэгчтэй харилцахад илүү дөхөм болно

Зөвхөн фэйсбүүк гэлтгүй боломжит бүх хэрэглэгчтэй харилцах сувгийг хөгжүүлэх нь бизнесийн тогтвортой өсөлтөд чухал үр нөлөөтэй. Вэбсайт нь дан ганц мэдээлэл дамжуулахаас гадна хэрэглэгчийг байгууллагатай холбох, харилцаа үүсгэх суваг болж чаддаг. Ингэснээр байгууллага өөр сувгаар, өөр нөхцөл байдал, өөр орчноос орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй барьж авах боломжтой болно.

4. Зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болно

Вэбсайт бол цахим орчинд зорилтот хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулах гол суваг. Хамгийн гол нь зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болохын тулд вэбсайт тогтмол хэрэгцээт шинэ, шинэлэгч зөвлөгөө мэдээллийг хүргэдэг үр цэнэтэй контентоор баялаг байх шаардлагатай. Вэбсайтаараа дамжуулан цуглуулсан хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан цахим орчинд зорилтот хэрэглэгчдэдээ хүссэн зүйлээ харуулах боломжтой байдаг бөгөөд фэйсбүүкээр хийх зар сурталчигаагаа ч илүү бага зардлаар, илүү үр дүнтэйгээр боломжтой болдог.

5. Борлуулалтын шинэ сувагтай болно

Хэрэглэгчтэй харилцаа үүсгэж буй суваг бүр борлуулалтын суваг  болох боломжтой байдаг. Энэ утгаараа ч вэбсайт нь хэрэглэгчтэй харилцах сувгаас гадна борлуулалтын хүчирхэг сувгуудын нэг болдог. Учир нь вэбсайт руу хандсан хэрэглэгчдэд худалдан авалттай холбоотой, шийдвэр гаргалтад нь нөлөөлөхүйц контентоор дамжуулж, нөгөө талаас вэбсайтаар дамжин орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй барьж авснаар өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах бүрэн боломжтой болдог. Хамгийн гол нь одоо биш ч ирээдүйд худалдан авах магадлалтай хүмүүсийн и-мэйлийг жагсаалтыг ч вэбсайтаараа дамжуулан үүсгэж болно.

Эдгээр давуу талууд бол вэбсайттай болсноор бий болох таны нүдэнд харагдуйц давуу талууд юм. Эдгээрээс гадна маркетинг, борлуулалтын бусад сувгуудыг дэмжих маш олон давуу талууд вэбсайтад байдаг.

Мөн дижитал маркетингийн хувьд хамгийн чухал хэмжүүр нь борлуулалтын сэжим бөгөөд та хэр чанартай борлуулалтын сэжим татаж байгаагаас танай байгууллагын борлуулалт шууд хамаардаг. Тиймээс энэ удаад байгууллагынхаа вэбсайтыг чанартай борлуулалтын сэжим татдаг маркетингийн гол хэрэгсэл болгохын тулд вэбсайтдаа юу юуг байлгах талаарх мөн доор дурдая.

1. Тодорхой хүнд хариуцуул

Ихэнх байгууллагын хувьд вэбсайтыг хэн хариуцдаг нь тодорхойгүй байдаг. Тодорхойгүй байдлын улмаар вэбсайт нь мартагдаж, үр дүнгүй хуучирсан мэдээлэлтэй болж үлддэг. Зарим байгууллагын хувьд АйТи-ийн албандаа хариуцуулдаг ч үнэндээ тэдний хийх ёстой ажил нь шинэ мэдээ, мэдээлэл вэбсайтад оруулах биш. Тиймээс вэбсайтаа тодорхой нэг хүнд хариуцуулах хэрэгтэй, тэр тусмаа маркетингийн менежерт хариуцуулах нь хамгийн зөв. Зөвхөн хариуцуулаад орхих нь хангалтгүй учир түүний үндсэн үйл ажиллагаатай холбосноор вэбсайтаа маркетингийн чухал хэрэгсэл болгох хамгийн эхний алхам бүрдэх юм.

2. Фэйсбүүк пиксел код

Фэйсбүүк дангаараа аль  эсвэл вэбсайт дангаараа дижитал маркетингийн үйл ажиллагааг бүрэн төлөөлж чадахгүй. Энэ 2 хамтдаа байж илүү үр дүнд хүрнэ. Фэйсбүүк пиксел кодын тусламжтайгаар фэйсбүүкийн хэрэглэгчдийг тодорхой үзсэн хуудсаар нь ангилж болдог. Тиймээс танай вэбсайт руу өдөр бүр орж, бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж сонирхдог хүмүүсийг цаг алдалгүй тогтмол бүртгэх боломж бүрддэг.

3. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан шууд харилцах

Ихэнх байгууллагын вэбсайт нь хэрэглэгч шууд  байгууллагатай холбоо тогтоох боломжгүй байдаг. Нэг бол холбоо барих хуудас руу дамжин орж санал хүсэлт илгээх, утас руу залгах, аль эсвэл сошиал хуудаснууд руу дамжин орох байдаг. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан байгууллагатай шууд холбогдох хамгийн энгийн шийдэл бол вэбсайтдаа фэйсбүүкийн мессенжер холбох арга юм. Вэбсайтад ирсэн хэрэглэгчийн санал хүсэлтийг заавал и-мэйлээ шалгах шаардлагагүйгээр, шууд фэйсбүүкдээ хүлээн авснаар хэрэглэгч байгууллага хоёрын хоорондын харилцааг илүү хурдан ойртуулж өгөх юм.

4. Контент контент бас дахин контент

Оны шилдэг боллоо, Хамтран ажиллаа, Тусаллаа гэсэн мэдээнүүдийг та байгууллагын вэбсайтуудаас үргэлж хардаг байх. Хэдийгээр энэ нь байгууллагын хувьд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан чухал мэдээ боловч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хүний хувьд худалдан авалтад нөлөөлөх тийм ч чухал мэдээлэл биш болов уу. Вэбсайтыг маркетингийн хэрэгсэл болгох хамгийн чухал зүйл бол вэбсайтдаа орж ирсэн хэрэглэгчдэд танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг яагаад сонгохыг ойлгуулсан, худалдан авалтаа хийхэд нь хангалттай нөлөөлөхүйц хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл юм. Фэйсбүүкд тавьсан контентыг хэрэглэгч тухайн үедээ уншаад өнгөрдөг бол вэбсайтад байрласан мэдээллийг хэрэглэгч нэгээс нөгөөд шилжин уншиж, судлах замаар илүү их мэдээллийг нэг дор авч чаддаг.

5. СТА буюу Дараа дараагийн үйлдэлд чиглүүл

Контент агуулга, вэбсайтын бүтэц нь хэрэглэгч өөрөө ч мэдээгүй байхад эцсийн дүндээ танай бүтээгдэхүүн үйлчилгээ рүү чиглэж байхаар төлөвлө. Хэрэглэгчид шууд бүтээгдэхүүнээ танилцуулж тулгахаас өмнө яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох ёстойг, ямар давуу талтайг, ямар асуудал шийдэж байгааг ойлгуулсан мэдээллийг хамгийн түрүүнд хүргэж бага багаар чиглүүлэх замаар хэрэглэгчийг худалдан авалтдаа итгэлтэй болгох хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн  нэг зөвлөгөө, мэдээлэл уншсан хэрэглэгчид дараа дараагийн холбоотой хэрэг болохуйц мэдээллүүдийг заавал санал болгох хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчээ тогтоон барьж танай бүтээгдэхүүн үйлчилгээнд итгэх итгэл нь улам нэмэгдэх юм. Харин танай вэбсайт  яг одоо ингэж чадаж байна уу?  Хэрэв ҮГҮЙ хэмээн хариулж байвал дээрх зөвлөгөөг яг эхнээс нь хэрэгжүүлж эхлээрэй.

6. Газардах хуудас, Баярлалаа хуудас

Бэлтгэж буй контент хэр үнэ цэнэтэйгээс хамаараад харилцан адилгүй байх хэрэгтэй. Холбоотой нийтлэлүүд уншиж явсаар хэрэглэгч хамгийн эцэст газардах хуудсанд ирэх бөгөөд энд зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах магадлалтай хэрэглэгчдэд зориулж, тэдний онцлогт тохируулсан /персона/ үнэ цэнэтэй татаж авах контентыг санал болгоорой. Үр дүнд нь хүн бүрийн бус зөвхөн өөрийн байгууллагын зорилтот хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах болно. Ингэснээр борлуулалтын багийн зөвхөн боломжит хэрэглэгчдэдээ анхаарал хандуулах боломж бүрдэнэ.

7. Форм

Газардах хуудсан дээр байрлах хамгийн чухал зүйл бол форм юм. Формын мэдээллийг бөглөж хэрэглэгч танайхаас санал болгож буй хэрэгцээт зүйлийг татаж авах бөгөөд формын тусламжтай та борлуулалтын сэмжүүдийг хүлээн авах болно. Бүртгүүлсэн и-мэйлээр дамжуулан таны сэжим хэр найдвартай болон танай зорилтот хэрэглэгч болж чадах эсэхийг үнэлэх боломжтой болдог. Дижитал маркетингийн хувьд форм байхгүй бол сэжим байхгүй, сэжим байхгүй бол хэрэглэгч байхгүй.

8. Эцэст нь тогтмол тууштай байх

Телевизээр цацаж буй рекламуудын гол зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах байдаг ч үүнээс дутахааргүй хамгийн том зорилго нь тэдний тархинд хоногших, мартагдахгүй байх явдал байдаг. Үргэлж хэрэглэгчдээ харагдаж, тэдэнтэй холбоотой байхгүй бол хэрэглэгч таныг амархан мартдаг. Тиймээс үе үе контент бичээд таг болдог бус тогтмол тууштай  байдлаар зөвөлгөө, мэдээллийг хүргэдэг байх хэрэгтэй. Эдгээр зүйлсийг бий болгосноор танай байгууллагын вэбсайт танай маркетингийн гол цөм болох бөгөөд хамгийн чухал зүйл бол контент юм.

Эх сурвалж: dima.mn

Ойролцоо илэрц

Leave a Comment