Uncategorized

$53 саяын өрөн дээр боссон цуутай бизнес

Гурван жилийн өмнө аялан тоглолтоо цуцлан, эмнэлэгт хэвтэж, 53 сая ам.долларын өрөнд орсноо зарлаж байсан хип хоп ертөнцийн од Канье Уэст өдгөө шинэ амжилтын оргилд хүрчээ. Харин энэ нь дуу, хөгжимтэй огт хамаагүй. Түүний тэрбум ам.доллараар үнэлэгдэж буй “YEEZY” пүүзний эзэнт гүрэн “AIR JORDAN”-ийг буулгаж авахад ойрхон байна.

Уэстийн загвар зохион бүтээх дур сонирхол түүний дуу, хөгжимд дурласан үеэс эхтэй. Атлантад төрж, Чикагод өссөн тэрбээр дунд сургуульд байхдаа хичээлийн цагаар пүүзний зураг зурж багш нараасаа зэмлэл хүртдэг байв. Уэст багадаа ээжтэйгээ Японы зөгнөлт кино “Акира”-г үзээд тус киноны өнгө, дүрслэлд автжээ. Харин эцгийгээ дагаж авто шоу үздэг байсан нь “Lamborghini Countach”-д шунан дурлах үндэс болсон байна. Уэст “Миний хийж бүтээсэн болгонд Lamborghini-ийн ул мөр шингэсэн байдаг. “Yeezy” бол гутлын ертөнцийн Lamborghini гэж тодорхойлсон байдаг.

Уэст 19 настайдаа коллежоо хаяж Jay-Z-ийн студид продюсерээр ажиллаж эхэлснээр хөгжмийн ертөнцөд хөл тавьсан юм. Үүнээс 7 жилийн дараа Уэст хөгжмийн олон урсгалыг хольсон бие даасан уран бүтээлээ тууриваж эхэлсэн юм. Тухайлбал анхны үеийн уран бүтээлдээ Марвин Гэй, Coldplay, U2 хамтлагтай хамтран ажилласан бөгөөд алдар нэр түүнд анхны хоббиг нь сэргээх боломж олгов. Уэст 2007 онд Японы бэлэн хувцасны “А Bathing Ape” компанид зохиож өгсөн гутал хэдэн мянган ам.долларын үнэд хүрсэн нь зөвхөн эхлэл байв.

Тэрбээр “NIKE”-ийн гүйцэтгэх захирал Марк Паркертай нэг нислэгт таарахдаа тэмдэглэлийн дэвтрээ шүүрэн авч гутлын загвар зурж үзүүлсэн аж. Уэст “Тэр миний зургийг хараад сонирхолтой залуу байна. Хамтарч гутал хийе” гэж хэлсэн талаар дурсаж байжээ.

Ийнхүү 2009 онд “Yeeze” брэнд мэндлэв. Хип хоп хөгжим анх үүссэн цагаасаа л пүүзтэй холбогдож ирсэн бөгөөд Уэст бол “NIKE”-тай NBA-ийн супер оддын хэмжээнд хамтарч ажиллаж чадсан анхны уран бүтээлч юм. 2012 онд худалдаанд гарсан “Air Yeezy II” пүүз Nike-ийн борлуулалтыг өсгөж байсан боловч Уэстийн хувьд тус компани өөртэй нь хувь нэмэргүй, энгийн нэг алдартны түвшинд харьцаж буй мэт санагдах болжээ. Тэрбээр “Миний бүтээсэн загвар “Air Jordan”-тай эн зэрэгцэх анхны пүүз байсан. Гэвч тухайн үед Nike алдартнуудад гутлын роялти олгодоггүй байсан” гэв.

Түүний сэтгэл дундуур байгааг мэдсэн “Adidas”-ийн удирдлага түүнд ашигтай санал тавьж 2013 онд “Yeeze” брэнд  “Adidas”-ийн мэдэлд шилжсэн ба соёлын нөлөө, худалдааны 34 жилийн түүхт “Jordan” гүрнийг гүйцэж түрүүлэхэд ойрхон иржээ. “Jordan”-ийн нэг жилийн борлуулалт ойролцоогоор 3 тэрбум ам.доллар бол Уэстийн “Yeeze” брэндийг 2019 онд 1.5 гаруй тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж таамаглаж байна. Энэ тоо цаашид ч өсөх хандлагатай байна.

Ойролцоо илэрц

Leave a Comment