Uncategorized

2020 оны тренд “Дижитал банк”

Дэлхий дахинд дижитал банкны хэрэглэгчдийн тоо 2024 он гэхэд 3.6 тэрбумд хүрэх тооцоог “Juniper” олон улсын судалгааны байгууллагаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, ирэх дөрвөн жилд дижитал банкны харилцагчдын тоо 54 хувиар өснө гэсэн үг юм. Орчин үед дижитал шилжилтээр Bank of America, BBVA, JPMorgan Chase зэрэг дэлхийн топ банкууд тэргүүлсээр буй. Гэвч банк, санхүүгийн зах зээлд дижитал хувьсгал дөнгөж эхэн үедээ явж байгаа хэмээн McKinsey компани онцолж байна.

Учир нь, арилжааны банкууд дижитал шилжилт хийхэд ажилчдын ур чадварын хомсдол хамгийн сөрөг нөлөө үзүүлнэ хэмээн үзэж буй ажээ. PwC-ийн тайланд дурдсанаар банк, санхүүгийн салбарын гүйцэтгэх захирлуудын 90 гаруй хувь нь хиймэл оюун (AI) бизнесийнх нь хөгжлийн түлхүүр болно гэж итгэж буй боловч тэднийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх нь юун түрүүнд хийх ажил гэжээ. Энэ хүрээнд дэлхийн булан бүрд байх банк, санхүүгийн байгууллагууд ямар дижитал шинэчлэлт хийж буйг тайлбарлая.

ДИЖИТАЛ БАНКУУДЫН 2020 ОНЫ ОНЦЛОХ ЧИГ ХАНДЛАГУУД

Уламжлал банк болон финтекүүдийн хамтын ажиллагаа

Арилжааны банкууд финтек бизнесүүдтэй хамтран ажиллах нь жилээс жилд өссөөр буй. Энэ бол финтек компаниуд банкны оролцоогүйгээр мөнгө шилжүүлэх, худалдан авалт хийх, зээл олгох гэх зэрэг үйлчилгээг ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан хялбараар шийдэж буйтай холбоотой. Ernst & Young-ийн “Global FinTech Adoption Index 2019” судалгаагаар интернет хэрэглэгчдийн технологид суурилсан санхүүгийн үйлчилгээ сүүлийн хоёр жилд 2 дахин нэмэгджээ.

Нээлттэй банк (Open API)

Ирэх жилүүдэд арилжааны банкууд Open banking үйлчилгээ буюу Open API технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд анхаарах төлөвтэй байна. Энэ нь банкны системд аливаа байгууллагын системийг холбож, санхүүгийн үйлчилгээг илүү хурдан, хялбар хийх шийдэл юм. Хамгийн энгийн жишээ гэхэд Facebook, Google дэх хаягаа ашиглан өөр сайтад нэвтрэх, бүртгүүлэх үйл явцыг бид сайн мэднэ.

Нео банкууд

Тогтсон оффис, тоотой салбаргүйгээр дижитал платформын давуу талыг ашиглан хэрэглэгчидтэйгээ онлайнаар харьцах нео банкууд уламжлалт банкны зах зээлийг улам эзлэх хандлагатай байна. Нео банкууд үр ашигтай, цомхон бүтэцтэй тул уламжлалт банкуудтай харьцуулахад сар бүр авдаг шимтгэл нь хэд дахин бага ажээ. Finder.com-ийн судалгаагаар 2019 оны байдлаар АНУ-ын иргэдийн 21.4 хувь нь нео банк хэрэглэж буй гэнэ.

Хиймэл оюуны хувьсал

Аль ч салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх үйл явц удаан байгаа хэдий ч арилжааны банкууд аль хэдийн чатбот өргөнөөр хэрэглэж, залилангийн эрсдэлийг илрүүлж, цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд идэвхтэй ашиглаж байна. IHS Markit-ийн судалгаагаар Дэлхийн банкны AI-ийн бизнесийн үнэлгээ 2030 он гэхэд 300 тэрбум ам.долларт хүрэх тооцоог гаргажээ. Мөн 2023 он гэхэд Чатбот ашиглах харилцагчдын тоо 79 хувьд хүрнэ гэж таамагласан байна. Банкууд хиймэл оюунд суурилсан чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр үйл ажиллагааны зардлаа маш үр дүнтэй хэмнэх боломжтой ажээ.

Блокчэйн технологи

Банкуудын гадаад гүйлгээ, мөнгөн шилжүүлгийг блокчейн технологийн тусламжтайгаар улам хурдасган сайжруулах боломжтой бүрджээ. Блокчейн технологийг ашигласнаар хормын төдийд гүйлгээ хийхээс гадна шимтгэл бага (бараг шимтгэлгүй) болсон нь гайхалтай. Мөн дата өгөгдлийг хадгалахгүйгээр сарниулах тул мэдээллийн аюулгүй байдлыг хангах давуу талтай аж.

Дуут банкны үйлчилгээ

Сүүлийн үед банк, санхүүгийн салбарт ухаалаг гар утсанд суурилсан дуут хоолойн туслах үйлчилгээ нь өргөнөөр нэвтрэх болжээ. Харилцагчид дуут туслах ашиглан дансаа шалгах, төлбөр тооцоо хийх зэрэг үйлдлийг хийх боломжтой юм. Мөн банкны зүгээс хэрэглэгчийн бичиг баримтын дугаар шалгах эсвэл нууц үг асуух шаардлагагүйгээр дуу хоолойгоор нь харилцагчийг танихад илүү амар хялбар болжээ.

МОНГОЛЫН БАНК, САНХҮҮГИЙН ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН ТУХАЙД

Бид хэдэн жилийн өмнө банк хоорондын нэг саяас доош төгрөгийн гүйлгээ хийхэд нэг цагийн дараа нөгөө хүндээ шилжиж очдог байсан. Түүнээс дээш бол дараагийн өдрөө орох тул бүтэн өдөр ч хүлээх шаардлага гардаг бол өдгөө гурван сая төгрөгийн гүйлгээг гуравхан секундийн дотор хийх боломжтой болжээ.

Өдгөө БНХАУ-д гэхэд мобайл төлбөр тооцооны нийт дүн 8.4 их наяд ам.долларт хүрсэн нь дэлхийн бэлэн бус төлбөр тооцооны хамгийн том зах зээлд тооцогдох болж. Энэ бол АНУ-ын бэлэн бус төлбөр тооцооны үнийн дүнгээс 50 дахин их хэмжээ юм. Тэд кассгүй дэлгүүр, түгээгчгүй колонк, бэлэн мөнгөгүй задгай зах, нүүр таних технологи, эмнэлгийн шуурхай төлбөр зэрэг санхүүгийн технологийн шийдлээрээ тэргүүлж буй. “Wechat” апп дээр гэхэд өдөрт нэг тэрбум ширхэг төлбөр тооцооны гүйлгээ хийгдэж байна.

Харин манай улсын хувьд арилжааны банкууд нийт үйлчилгээнийхээ 40-50 хувийг дижитал хэлбэрээр хүргэж буй. Цаашид дижитал шилжилтийг өргөжүүлэхэд арилжааны банкуудад нэгдсэн “Биг дата” (Big data) хангалтгүй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, тухайн харилцагчийг таних боломжгүй байгаа нь томоохон сорилт болж байна. Монгол Улсын арилжааны банкууд дижитал шилжилтийг шат дараатай хийж байгаа ч гол цөм болох Big data дээр суурилж өгөгдлийг олборлох (data mining), анализ хийх (data analysis) болон хиймэл оюунд суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм.

Мөн банкууд дотоод үйл ажиллагааг бүрэн автоматжуулах, мэдээллийн технологийн дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухалд тооцогдож байна. Ингэхдээ алхам алхмаар автоматжуулж, дижитал шилжилтүүдийг хийх нь тохиромжтой юм. Энэ хүрээнд IT дэд бүтэц, боловсон хүчин сайжруулахаас гадна зохицуулагч байгууллагууд буюу Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны дэмжлэг юу түрүүнд чухал билээ. Мөн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг шийдэх учиртай олон ажил байна.

Ойролцоо илэрц

Leave a Comment