Uncategorized

Хямрал боломж болох цаг…

-Мөнгөний төлөө ажиллах уу, мөнгийг ажиллуулах уу-

Корона вирусийн тархалтаас болж салбар бүр л их бага хэмжээгээр хямарч байна. Манай эдийн засгийн гол холбоотон БНХАУ их хэмжээний хохирол амсч байгаатай холбоотойгоор манайд ч нөлөөл ирэх нь тодорхой болоод байна.

Айсуй хямралын чимээ чих дэлдэж, дээр дооргүй бужигналдаж байгаа энэ үед тэгтлээ барьц алдахгүй, харин ойрын таван жилийг багцаалсан шиг ээ олз ашгаа тооцож суугаа  нэг хэсэг байна. Хямрал олонхид хүндрэл бэрхшээл учруулж байгаа ч бүгдийг сөхрүүлж чадахгүй учир бас бий. Ашиг орлого буурсан хүнд бэрх үед ч өөртөө хөрөнгө оруулалт хийж, ирээдүйгээ улам баталгаатай болгож байгаа тэр хэсэг бол хуримтлалтай иргэд юм.

Санаж байгаа бол, 2008 оны сонгуулийн дараа эдийн засаг хүндэрч, бэлэн мөнгө эрс ховордсон. Энэ үед үл хөдлөх хөрөнгө, автомашины үнэ эрс хямдарсан билээ. Байрны үнэ шалдаа бууж, автомашин борлуулдаг аж ахуйн нэгжүүд хүүгүй, урьдчилгаагүй лизинг санал болгож байлаа. Бэлэн мөнгөөр нь авбал тэртэй тэргүй хямдарчихсан зах зээлийн үнээс 10 хувь бууруулж өгөх болзол жишиг болох шахаж байв. Хуримтлалтай байсан иргэд энэ үеийг ашиглаад амьдралдаа томоохон хөрөнгө оруулалтыг хийж авсан. Долоон жилийн өмнө байсан тэр боломж одоо ч байна.

Вирусийн дэгдэлттэй холбоотойгоор борлуулалт багасч, бараа бүтээгдэхүүний үнэ ханш буурч байна.

Идэж уухаасаа илүү гарсан, арай дөнгүүр нэгний хувьд бүр ч илүү боломж бий болж буй. Тиймээс таатай үеийг хүлээж байгаад хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бодолтойгоор хуримтлуулах хэрэгтэй.

УИХ, Засгийн газраас тэр жил эдийн засгийн хямралыг даван туулах, төсвийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх арга хэмжээний  жагсаалт гаргаж байсан. Ийм жагсаалт гарахад “Өмч хувьчлах” асуудал заавал багтдаг. Энэ бол эдийн засгийн хүндрэлийг даван туулахад иргэдийн хуримтлалыг ашиглах гэсэн санаа. Овоохон шиг хуримтлалтай иргэн өмч хувьчлалд оролцож, үе уламжлан өвлөгдөх насан туршийн хөрөнгөтэй болох боломж нээгдэж байна.

Төрийн өмчийн тооллого дөрвөн жилд нэг болдог. Залгуулаад хувьчлал явуулдаг бичигдээгүй хуультай. Монгол Улс даяар байрласан, хэдэн арав, зуун мянгаар тоологдох өмч хөрөнгөө Засгийн газар бүгдийг нь өөртөө байлгаад байхгүй. Шаардлагатай объект, аж ахуйн нэгжүүдийг худалдаж л таарна. Төрд ашиггүй ажиллаж байсан аж ахуйн нэгжүүд хувьд гараад ашигтай ажилладаг туршлага байдаг учраас хувьчлал нь зайлшгүй ажил. Ингэснээрээ төсвийн алдагдлыг нөхөх, нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх төлөвлөгөөг биелүүлэх нөхцлийг ч давхар хангаж байгаа юм.  Хуримтлалтай иргэдэд чухамхүү алтан боломж гарч ирнэ. Басхүү улсынхаа эдийн засагт тус дэм болж байгаа хэрэг гэдгийг энд хэлэх нь илүүц биз ээ.

Хямралтай ч хуримтлуулж эхэл

Эдийн засгийн хямрал бол сүйрэл биш. Зах зээлийн тогтолцооны ерөнхий онол дотор байн, байн заавал тохиож байдаг эдийн засгийн мөчлөг, үе шатуудын талаар тусгайлан дурьдсан байх бөгөөд хүндрэлтэй буюу хямралыг харин ч “Боломж” гэж тодорхойлжээ. Олонхийн хувьд хямрал нь хүсүүштэй зүйл биш ч гэсэн “Түрүүчийн үе шатынхаа гажуудал, туйлшралыг илрүүлж, зах зээлийн эдийн засгийг тогтворжуулагч үйл явц бөгөөд хөөрөгдөл, гажуудал, туйлшралыг зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээж өгдөг” ашигтай юм. Түүнчлэн иргэдийн хуримтлал үүсгэх сэдлийг өдөөж өгдөг гол хүчин зүйл гэж тооцогддог, хямралын дараагийн жилүүдэд банкны хадгаламжийн хэмжээ ихээр нэмэгддэг ажээ. Тийм ч учраас чухам яг одооноос өрхийн төсвөө нарийн зохиож, хуримтлалаа үүсгэж эхлэхийг нийт монголчууддаа уриалж байна.

Мөнгө хуримтлуулна гэдэг хэлэхэд амархан юм шиг боловч хийхэд хэцүү байдаг шүү дээ. Гэхдээ онцлогийг нь өөр дээрээ нэг мэдэрсэн байхад цаашдаа асуудал үгүй.

Мөнгөнд хүч бий…

Мөнгөнд хүч бий. Тэр хүч нь олуулаа, цугтаа байхдаа л илэрч гарч ирдэг юм. Та цалингаасаа тодорхой хэсгийг банкинд хадгалуулж эхэллээ гэж бодъё. Банк таны хадгалуулсан мөнгөнд хүү бодож өгнө. Өөрөөр хэлбэл, та мөнгөний төлөө ажиллаж байсан бол хуримтлал үүсгэснээр мөнгө таны төлөө ажиллана гэсэн үг. Хуримтлал ихсэх тусмаа хүч чадал нь улам ч нэмэгдэнэ. Зах зээлийн зүй тогтлоороо эдийн засгийн хүнд мөчлөгүүд тохионо. Энэ үед бэлэн мөнгөний хүч чадал улам ч нэмэгдэнэ гээч. Бэлэн мөнгөний хомсдлоос үүдэн зах зээл дээр үнэ буурдаг. Үнэ буурах тусам хуримтлалтай хүний худалдаж авах чадвар нэмэгдэх нь мэдээж. Чухам ийм л учраас хуримтлалтай иргэн хямралд гал алдахгүй, харин ч баярладаг. Нөгөө талаар, эдийн засаг хямралтай, хүнд хэцүү үед хуримтлалаа зарцуулснаар улс орноо ч дэмжиж байгаа гэсэн үг юм.

Ойролцоо илэрц

Leave a Comment