Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл

Хувьцаа худалдан авахад анхаарах зүйлс

Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетын багш, хувьцаа худалдан авах оновчтой арга ухааны загалмайлсан эцэг гэгддэг Бенжамин Грахам ухаалаг хөрөнгө оруулагчийг дараах байдлаар тодорхойлсон байдаг.

Ухаалаг хөрөнгө оруулагч гэдэг нь IQ болон шалгалтын дүнгээс огт хамааралгүй, харин тэвчээртэй, сахилга баттай, сурч боловсрох эрмэлзэлтэй, сэтгэлзүйгээ удирдаж чаддаг, мөн өөрөө шийдвэр гаргаж чаддаг хүнийг хэлнэ. Энэ төрлийн ухаан нь тархины ажиллагаа гэхээсээ илүү зан араншинтай холбоотой.

Тэгвэл хувьцаа худалдан авахад өгсөн түүний зөвлөгөөг таньд хүргэж байна.

– Нийт зах зээлд анхаарлаа хэт бүү хандуул. Зах зээл дээр ерөнхий үнийн түвшин өндөр байсан ч гэсэн хямд пүүсүүд олдох л болно.

– Аль нэг хувьцааны үнэ өслөө, буурлаа гэх бүрт тэр хувьцааг худалдаж авах хэрэггүй.
– Нэг ширхэг хувьцааг авахдаа хүртэл бүхэл бүтэн пүүс авч байгаа мэт хямгатай ханд. Хурдан ашгийн хойноос хэзээ ч бүү хөөцөлд. Хувьцааг нь насан туршдаа хадгалж чадна гэсэн компанидаа л хөрөнгө оруул.

– Үнэ цэнэ /болон өөрийн өртөг/ ийг эрэлхийл.

– Чанарт анхаар. Тухайн компаний ашиг олон жилийн туршид өссөөр байх болно гэсэн итгэлтэй үедээ л хувьцааг нь худалдан ав.

– Хувьцаа, зээллэгийг хольж багцаа бүрдүүл. Багцны тань дор хаяж 25 % чинь бэлэн мөнгө, бонд болон бусад зээллэгийн төрлүүд байх ёстой. Доод тал нь найман өөр хувьцаа эзэмшиж бай.

– Хамгийн чухал нь өөрөө сэтгэ, хүлээцтэй бай. Хамгийн их ашиг нь “шоовдор” гэгдэх хувьцаануудаас ирдэг бөгөөд үүний тулд дор хаяж таваас дээш жил хүлээх /дарах/ нь элбэг.
– Хувцааны өгөөж нь зээллэгүүдийн дундаж өгөөжөөс даруй хоёр дахин их байх ёстой.
– Хувьцааны одоогийн үнэ/ашигийн харьцаа нь сүүлийн таван жилийнх нь хамгийн өндөр байсан үнэ/ашгийн харьцаанаас дор хаяж 40 % доогуур байх ёстой. Өөрөөр хэлбэл урьд нь ашигтай ажиллаж байсан ч одоохондоо тэр хэмжээндээ хүрч чадаагүй сул байгаа гэсэн үг.
– Ногдол ашгийн өгөөж нь санхүүгийн зах зээл дээрхи зээллэгүүдийн дундаж өгөөжийн 66 % тай тэнцүү буюу илүү байх.

– Хувьцааны зах зээлийн үнэ нь бүртгэлийн үнийхээ 66 % иас илүүгүй байх.
– Тухайн компаний хөрөнгийн зах зээл дээрхи нийт хувьцааны үнэ нь тухайн компаний эргэлтийн цэвэр хөрөнгийн 66 хувиас илүү байх ёстой.

– Өр зээлийн хэмжээ нь өөрийн хөрөнгөөс ихгүй байх.

– Эргэлтийн хөрөнгө нь богино хугацаат өр төлбөрөөс хоёр дахин их байх.
– Нийт өр төлбөр нь тухайн пүүсийн эргэлтийн цэвэр хөрөнгийг хоёр дахин үржүүлснээс бага байх.

– Тухайн пүүсийн ашиг сүүлийн арван жилд дунджаар дор хаяж 7 % өссөн байх.
– Сүүлийн 10 жилд ашиг /5 хувиас илүү хэмжээгээр/ нь хоёроос илүү унаагүй байх.

Худалдах шалгуурууд

– Хувьцааны үнэ 50 % иас илүүтэйгээр өссөн бол

– Ногдол ашиг буурах юм уу, олгохгүй гэсэн мэдэгдэл гарвал

– Нэг хувьцаанд ногдох ашиг буурснаар хувцааны зах зээлийн үнэ буурч эхэлбэл

Та үүнийг мэдэх үү?

Түүний баримталдаг гол зарчим нь:

– Хамгийн гол нь өөрийн гэсэн зарчмаа олж, судалгаа хийж, шийдвэр гаргах техникийг өөртөө бүрдүүл.

– Түүндээ үнэнч бай.