Бизнес блог Хэрэгтэй мэдээлэл Эхлэл

Хувьцаанаас эхэлсэн тэрбумтан Уоррен Эдвард Баффет

Дэлхийн хамгийн одтой хөрөнгө оруулагчдын нэг Уоррер Эдвард Баффет 1930 онд АНУ-ын Небраска мужийн Омаха хотод бизнесмэн, улс төрч Ховард Баффетийн ганц хүү болон мэндэлжээ.

Үеийнхэн нь эцэг эхээсээ халаасны мөнгө авч байхад бяцхан Баффет айл айлын хаалга тогшин бохь, кола заран анхныхаа орлогыг олдог байлаа. Ийнхүү 6 настайдаа анхны наймаагаа эхэлсэн түүхтэй. Тэр өвөөгийнхөө хүнсний дэлгүүрээс 6 ширхэг ундааг 25 центээр худалдаж аваад 30 центээр зардаг байж. Гайхалтай нь 80 жилийн тэртээх 5 цент өдгөө 50 тэрбум доллар болтлоо өсчээ.

Уоррен Баффет хөрөнгө оруулах ажлаа 11 настайгаасаа эхэлсэн юм. Тэр “City’s service” компанийн гурван ширхэг хувьцааг 30 доллараар худалдан авсан бөгөөд удалгүй хувьцааны үнэ 27 доллар болж унасан ч эргээд 200 доллар болтлоо өссөн гэдэг. Харин Баффет хувьцаагаа хадгалж байгаад 40 доллар болоход нь буцаад зарсан байдаг. Энэ бол хөрөнгийн зах зээл дээрх анхны сургамж болсон юм.

Уоррен дунд сургуулиа төгсөхдөө хэдийнээ 5000 ам.доллартай болсон төдийгүй нэг найзтайгаа нийлэн 25 доллароор автомат тоглоомын машин худалдан авч үсчний салон дотор байрлуулжээ. Энэ жижигхэн бизнес нь түүнд 7 хоногт 50 долларын ашиг авчирч байв. Тэр бизнесээ өргөжүүлж 3 автомат тоглоомын машинтай болов. Хожим нь тэр гурван машинаа 1200 доллароор худалдсан гэдэг.

Ингээд Пенсилванийн их сургуульд орж, 2 жил суралцан дараа нь төрөлх хотдоо шилжин ирж, Небраскагийн Линкольн хотын их сургуульд суралцан 3 жилийн дараа төгсчээ. Уоррен Баффет боловсролоо дээшлүүлэн Харвардад бизнесийн чиглэлээр сурах гэсэн боловч түүнийг хэт залуу гээд аваагүй учраас Колумбын их сургуульд элсэн орсон байна. Энэ сургуульд тэр домогт хөрөнгө оруулагч Бенжамин Грахам, Дэвид Дод нарын шавь болсон нь түүний амьдралд жинхэнэ өөрчлөлтийг авчирсан юм.

Хорин настайдаа хадгаламжиндаа 9800 доллартай болсон Баффет магистрийн зэргээ хамгаалсны дараа аавынхаа брокерийн компанид ажиллахын зэрэгцээ нэгэн шатахуун түгээх станц худалдан авсан нь амжилт олсонгүй. Ингээд Дейл Карнегийн илтгэх урлагийн дамжаанд суралцан орой нь Небраскагийн их сургуульд хөрөнгө оруулалтын хичээл заах болов.

Илтгэх урлагын хичээл заалгасан тухайгаа тэр “Олны өмнө ярихдаа өвдгөө чичирдэгийг болиулах бус, өвдөг минь чичирч байхад ч олны өмнө ярьж чаддаг болохын тулд энэ дамжаанд хамрагдсан” хэмжээн хэлж байжээ. Баффет Грахамтай байнга холбоотой байсан бөгөөд нэг л өдөр түүний хүсэл биелж хувьцааны шинжээчээр ажиллах саналыг Грахам тавьсан юм. Грахам тэтгэвэртээ гарч компаниа татан буулгахад Баффет буцан ирж өөрийн компанийг байгуулав.

Грахам хуучин харилцагчиддаа Баффетийг санал болгодог байсан нь түүний ажилд ихээхэн дөхөм болсон байна. Удалгүй Баффетийн компани Бэркшир Хатавэйгийн хувьцаануудыг цуглуулж эхэлжээ. Энэ нь бөс барааны чиглэлийн компани бөгөөд салбартаа тэргүүлэгч нь байв. Бөс барааны үйлдвэрлэлийн салбар уналттай байсан учир энэ компанийн хувьцааны үнэ 8 доллар буюу бодит үнэлгээнээсээ доогуур байв. Ингээд 1965 он гэхэд тэд Бэркширийг эзэмшилдээ оруулж чадсан төдийгүй 1969 он гэхэд холдинг компани болгон өргөжүүлжээ.

“Миний 15 хувь нь Фишер, 85 хувь нь Бенжамин Грахам” гэж Баффет хэлсэн байдаг. Тэр эдгээр хүмүүсээс хөрөнгийн зах зээлд амжилттай байх бүхий л зүйлийг сурч авсан гэдгээ хэлдэг. Тэр “Хөрөнгө оруулалтын үндсэн санаа нь хувьцааг бизнес гэдэг талаас нь харах, зах зээлийн хэлбэлзлийг өөрт ашигтайгаар эргүүлэх, бодит үнэлгээнээсээ доогуур үнэлэгдсэн хувьцааг хайж олох. Үүнийг л Бен Грахам бидэнд заасан. Зуун жил өнгөрсөн ч эдгээр хөрөнгө оруулалтын тулгын гурван чулуу хэвээр байх болсон” хэмээн хэлсэн юм.

Харин Баффет өөрөө бизнесийн амжилтуудыг судалснаас уналт, алдаануудыг судалдсан нь илүү хэрэгтэй гэж үздэг байв.

Дуртай зүйлээ хийвэл амжилт аяндаа дагадагийн жишээ болсон Уоррен Баффетийн хөрөнгийн зах зээл дээрх гайхалтай амжилт, оновчтой хөрөнгө оруулалтууд нь түүнийг 1979 онд Форбес сэтгүүлийн Америкийн хамгийн баян 400 хүний нэгд багтаасан бол 1993 онд Билл Гейтсийг ардаа орхин нэгдүгээрт бичигдэж чадсан юм.

Баффетийн хөрөнгө оруулалтын стратеги нь маш энгийн бөгөөд хөрөнгө оруулалт хийхдээ мэргэжлийн хоккей тоглож байгаатай адих байх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ нь шайб байгаа зүгт бус шайбны очих зүгт яв гэсэн утгатай юм.

Баффет бол өөртөө их итгэлтэй төдийгүй маш хөдөлмөрч нэгэн бөгөөд одоо ч ажилдаа дуртай хэвээрээ. Тэр мөнгөний төлөө биш дуртай ажилдаа хамаг анхаарлаа хандуулж чадсан учраас амжилтанд хүрч, асар их хөрөнгөний эзэн болж чадсан юм.

“Мөнгө заримдаа чамайг сонирхолтой орчинд байлгаж чадна. Гэхдээ хэдэн хүн чамайг хайрладаг байх, эсвэл эрүүл байх эсэхэд мөнгө нөлөөлж чадахгүй. Би мөнгөнд дуртайдаа биш харин мөнгө олж түүнийг өсгөх нь маш сонирхолтой байдаг учраас хийдэг юм”

 

Уоррен Баффет

Ойролцоо илэрц

Leave a Comment