Бизнес блог Бизнест хамтрах Хэрэгтэй мэдээлэл

Тоёотагийн “тасралтгүй сайжруулах” зарчмын түүх

Өдгөө бидний мэдэх автомашины алдарт үйлдвэрлэгч Тоёота компани 1925 онд анх нэхмэлийн машин үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлж байв. Улмаар 1936 оноос автомашины салбарт хөл тавьжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараах он жилүүдэд Тоёопет хэмээх суудлын жижиг машин таксины жолоочдын дунд эрэлттэй байлаа. Яаж ийгээд зах зээлээ л тэлэх сонирхолтой байсан тэд энэ хооронд ачааны машиныг Өмнөд Америк руу хэдийнэ экспортолж эхлээд байв. Улмаар 1955 онд “Тоёота”-ийн захирал Шатора Камияа АНУ-д бизнес аялалаар очоод америкчууд ямар их жижиг оврын машин унадгийг хараад гайхаж байсан гэдэг. Хурдны замаар ар араасаа давхих машинууд бүгд шахуу Европоос орж ирсэний дотор ихэнх нь Volkswagen-ын машинууд харагдана. Европын машинууд Америкт ийм амжилттай байгааг нүдээр үзсэн Камияа хэрэв Тоёота Америкийн зах зээл рүү орвол Засгийн газраас нь импортын хориг тавих вий хэмээн болгоомжилж байв. Үүнээс гадна энэхүү зах зээлд хэдийн байр сууриа олсон Ford, Chrysler болон General Motors-той өрсөлдөнө гэдэг аз туршсан хэрэг байлаа. 

Гэвч одоо л хөдлөхгүй бол аяандаа зах зээлээс шахагдах аюултайг Камияа мэдэж байсан тул Америкийн зах зээлд өрсөлдөхөөр шийдэв. Уг шийдвэр гарсан даруйдаа маш их эсэргүүцэлтэй тулгарлаа. Гэвч “Тоёота Моторс”-ын захирал Тайзо Ишидагийн дэмжлэгийг авснаар 1957 оны намар гэхэд Калифорни мужид будаг нь ханхалсан Тоёотагийн шинэ салбар байгуулагдав. (1950-1982 онд борлуулалт, үйлдвэрлэлийн хэсэг тусдаа компани байв). Харамсалтай нь шинэ салбар хүлээлтэд хүрэхгүй нь нэгхэн жилийн дотор харагдав. Энэ хугацаанд ердөө 268 Toyopet суудлын тэрэг (хожим Crown нэртэй болсон), нэг Land Cruiser л зарагджээ. Эцэст нь тэд хэтэрхий яарснаасаа болоод өрсөлдөх чадамжгүй бүтээгдэхүүн экспортолсноо ойлгосон юм. Учир нь Toyopet загвар Volkswagen-ын Beetle-тай харьцуулахад 700 ам.доллараар үнэтэйгээс гадна 80 км/цаг хурдалж эхлэхэд мотор нь дуугараад салдаггүй байв. 

1960 он. Америкт үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болоход Тоёота хоёр мянган машин ч зарж хүчрээгүй юм. Ийнхүү Тоёота брэндийн нэр хүнд ч навс унаад байсан энэ үе тэдний хувьд гутамшигтай он жилүүд байлаа. Хүнд нөхцлөөсөө гарахын тулд тэд Америкийн статистикч Эдвардс Демингийн чанарын удирдлагын зарчмыг компанидаа суулгахаар ажиллаж эхлэв. Үр дүнд нь тэд гадны зах зээлд нэгэнт алдсан нэр хүндээ эргэн олж аваад зогсохгүй одоог хүртэл онц гойд чанараараа гайхагдсан бренд болж чадсан юм. Деминг ч мөн энгийн нэгэн зөвлөх байсангүй. Тэрбээр үйлдвэрлэлийн доголдлын гэм буруу ажилтанд бус удирдлагад байдагт үнэнхүү итгэдэг нэгэн байлаа. Тиймээс ч үйлдвэрийн доголдлын 85 хувь нь менежментийн алдаатай үйл ажиллагаа гэж үргэлж хэлдэг байв. 

Масс үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болгон адилхан байх учиртай ч алдаа мадаг үргэлж гардаг. Харин түүний хэлдгээр гарсан доголдол болгоныг тэмдэглэж авах хэрэгтэй аж. Ийнхүү алдаа болгоныг бүртгэж, бүх өгөгдлийг цуглуулсны дараа түүн дээрээ шинжилгээ хийж үйлдвэрийн үйл явцыг сайжруулах боломжтой. Тийм ч учраас тэрбээр өгөгдөл бол бурхан тэнгэр гэдгийг хэлэх дуртай байлаа. Ийнхүү масс үйлдвэрлэлд статистикыг гарамгай ашигласнаар “Японд үйлдвэрлэв” гэх шошго чанаргүй гэх үгтэй адилхан байсныг орвонгоор нь өөрчилсөн юм. Эцэст нь доголдол болгоноо залруулж, тасралтгүй сайжрах зарчмыг баримталсан нь Тоёота компанийг дэлхийд чанараараа гайхагдсан бренд болгож чадсан билээ.

 

Эх сурвалж: business.mn

Ойролцоо илэрц

Leave a Comment