Uncategorized

Суичиро Хондагийн амжилтын түүх

Хонда: Бизнес эрхлэгч бүр өмнөө биелэгдэшгүй зорилго тавьж, бүтэлгүйтэлд бэлэн байх хэрэгтэй

Суичиро Хонда 1906 оны 11 сарын 17 өдөр Япон улсын Хамаматсу мужид амьдардаг маш ядуу гэр бүлийн анхны хүүхэд болж мэндэлжээ. Хондагийн аав нь унадаг дугуй засварлах ажил хийдэг ядуу дархан байсан аж. Багаасаа унадаг дугуйтай ойрхон өссөн нь ирээдүйд мотоцикльд сонирхолтой болох суурийг нь тавьсан гэж хэлж болно. Аав нь түүнд техникийн талын асуудлыг шийдвэрлэх анхны мэдэгдэхүүнийг зааж өгсөн нь Суичиро хүүгийн эзэмшсэн анхны боловсрол байв. Тэдний гэр бүл маш ядуу байсан тул 5 хүүхэд нь нялх байхдаа хоол, тэжээлийн дутагдлаас болж нас баржээ.

Сургуулийн заах арга барил таалагддаггүй байсан учир Суичиро үргэлж хичээлээ тасалдаг байв. Тэрээр туршилт хийнгээ суралцах арга барилыг илүүд үзэж, өөрийн гараар хийж, туршиж, алдаа гаргаж байж сайн суралцдаг байжээ. Мөн багаасаа л машин техникт дурладаг байсан бөгөөд хүүхэд байхдаа анх удаа автомашин хараад ховсдуулсан мэт алмайран зогссон гэдэг.

Тэрээр нэг л өдөр машинтай болно хэмээн мөрөөддөг байж. Хонда хувийн машинтай болоод зогсохгүй машин үйлдвэрлэгч болно гэж тухайн үед төсөөлж байгаагүй биз ээ. Ирээдүйд автомашин, мотоциклийн аж үйлдвэрт хамгийн их нөлөө үзүүлэх хүн нь чухам Хонда байх ёстой хэмээн хувь заяагаар урьдчилан шийдэгдсэн байсан мэт.

Хонда зөвхөн бүтээгдэхүүнийг өөрчлөөд зогсохгүй, зах зээлийг тэр чигт нь өөрчилж чадсан юм. Тэрээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, нийтийн хэрэглээ болсон мотоцикль зохион бүтээснээр зах зээлийн шинэ, өргөн сегментийг бий болгож чаджээ. Хондагийн бүтээсэн мотоцикл эрэгтэй эмэгтэй хүнд аль алинд нь зориулагдсан бөгөөд үйлдвэрлэгчид өмнө нь тоодоггүй байсан дундаж давхаргын хүмүүсийг бодолцож хийснээрээ онцлог байв.

Хондагийн гол онцлог хүч нь техникийн дэгжин шийдэл, гоёмсог дизайн болон зах зээлийн мэдрэмжид байсан гэгддэг. Тэр инженер мэргэжилтэй байгаагүй, дунд сургуулийн 8 анги л дүүргэсэн, ямар ч туршлагагүй хүн байсан. Түүний гаргасан амжилт зөвхөн япончуудыг алмайруулаад зогсохгүй баялаг зах зээлтэй германчууд, бусад бүх зах зээлийг атгачихсан байсан америкчуудыг гайхшруулсан.

Хонда дунд сургуулиа 1922 онд дүүргэснийхээ дараа шууд л Токио руу явж автозасварын газар дадлагажигчаар оржээ. Зургаан жил сурч, дадлагажсаны дараа тэрээр төрөлх хотдоо засварын газар нээх мөнгө хуримтлуулж чадсан аж. Тэр жилдээ Хонда өөрийн эзэмшдэг зуугаад патентийн хамгийн эхний патент болох машины дугуйны модон хигээсийг металл болгож солих санааг гаргажээ. Энэ бол Хондагийн үйлдвэрлэлийн ертөнцөд хөл тавьсан анхны алхам болсон бөгөөд цаашид тэрээр олон гайхалтай техникийн шийдлийг санаачилсан байдаг. Түүний гаргасан санаа бүр хэцүү асуудлыг шийдэх хялбар арга байсан. Хонда энгийн хүн байсан ч гарч ирсэн асуудал бүрт хялбар шийдэл олж чаддаг чадвар нь түүнийг суут ухаантан болгосон юм.

Ойролцоо илэрц

Leave a Comment