Uncategorized

Компани хэрхэн байгуулах вэ?

  1. Нэр авах

Эхлээд нэр сонгоно, ингэхдээ дараах зүйлийг анхаараарай.

  • Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн  3-т:  Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэж заасны дагуу оноосон нэр сонгоно.
  • Хуулийн этгээдийн нэр нь кирилл үсгээр илэрхийлэгдсэн байна.
  • Хуулийн этгээдийн нэр нь бусад хуулийн этгээдийн нэртэй давхцаж олгогдсон тохиолдолд хэн нь эхэлж нэрээ авсан огноогоор асуудлыг шийдвэрлэнэ.
  • Оноосон нэрийн баталгаажилтын хуудсыг бусад хуулийн этгээдтэй нэр давхардаагүй, иргэний болон бусад хуульд заасанчлан бусдыг төөрөлдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй гэх нөхцлийг хангасан байна.

Нэр давхардах магадлалтай учраас 5-6 нэр бодож очихыг зөвлөе. Нэрний мөнгө болох 800 төгрөгийг улсын бүртгэлийн газрын урд орших Голомт банканд тушаана. Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн бүртгэлийн хэсэгт очиж нэрээ давхардаж байгаа эсэхийг тодруулна. Нэрээ сонгоод баталгаажуулалт хийлгэнэ. Баталгаажуулалт хийлгэх үед таньд нэр баталгаажуулсан хуудас өгнө. 

 

  1. Түр данс нээлгэх

Сонгосон банкандаа нэрний хуудас болон үүсгэн байгуулагч нь өөрийн биеэрээ бичиг баримттайгаа олон үүсгэн байгуулагчтай бол захирлаар ажиллахаар шийдвэрлэгдсэн хүн очно. Эсвэл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байж болно. Таны дансны дугаарыг бичиж өгнө. Бас түр гэрээ гээд нэг хуудас цаас өгнө. Энэ нь банк бүрт ялгаатай. Тухайн  дансанд одоо мөнгө хийж болно, харин авч болохгүй.

 

  1. Тэмдэгтийн хураамж

Банканд нэгэнт очсоных тэмдэгтийн хураамжаа төлөх хэрэгтэй. ГХО Компани бол 750 000 төг, Монгол бол 44 000 төгрөгийг  Голомт банк 1401002649, Хас банк 5001122188  дансанд төлөх боломжтой юм байна. Энэ баримтаа Улсын бүртгэлд өгөх материалдаа хавсаргана.
За одоо Улсын бүртгэлд өгөх материал маань бүрдлээ л гэсэн үг.

 

  1. Одоо юу юу таньд хэдэн хувь бэлэн байх ёстой вэ гэвэл:
    • Нэрийн баталгаажуулалтын хуудас. Үүнийг банканд хураалгаж болохгүй шүү. 
    • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн мөнгөний баримт /44000 төг/
    • ГХО Хуулийн этгээдийг үүсгэн байгуулах өргөдөл, Монгол Улсынх бол хуулийн этгээдийн бүртгүүлэхийг хүссэн өргөдөл гэсэн маягтыг 1 хувь гараар бөглөнө. Маягтыг burtgel.gov.mn/service/хаягаас татаж авах эсвэл улсын бүртгэгчээс авч бөглөх боломжтой
    • Итгэмжлэлээр байгуулсан бол итгэмжлэлээ 2 хувь хувилуулна. Эх хувиа өөртөө авч хоцорвол сайн.
    • Үүсгэн байгуулагч нь хуулийн этгээд бол компанийхаа гэрчилгээний 1 хуулбар хувийг УБ-ийн газарт өгнө. 
    • Үүсгэн байгуулагч нь хувь хүн бол гадаад гадаад паспортын хуулбар, монгол хүн бол иргэний үнэмлэхний хуулбар. тус бүр 1 хувь.
    • Үүсгэн байгуулах хурлын тогтоол юм уу, үүсгэн байгуулах шийдвэрийн аль нэг нь 1 хувь байх хэрэгтэй. 
    • Гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр юм уу хурлын тогтоол, Гүйцэтгэх захирлын хувийн бичиг баримтыг 2 хувь хувилуулна.
    • Боловсруулсан дүрмээ 2 хувь хийнэ. Дүрмэнд “Компанийн тухай хууль”-ийн 16.2-т заасан зүйлсийг заавал тусгаж, үүсгэн байгуулагчид гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. http://www.legalinfo.mn/law/details/310 сайтаас хараарай.
    • ГХО хуулийн этгээд бол өөрийн байрны гэрчилгээг хавсаргах юм уу, түрээслэж байгаа бол түрээсийн гэрээний хуулбар 2 хувь байх хэрэгтэй. ТББ болон Монгол компани бол үүсгэн байгуулагчийн гэрийн хаягаар байж болно.

Зарим зүйлийг илүү хувилуулсанд бүү гайхаарай. Дараа нь татварын албанд бүртгүүлэхэд хэрэг болдог юм.

Гурван зүйл анхаарах хэрэгтэй. Итгэмжлэлээр байгуулж байгаа бол тэрийг төлөөлж тэр гэж гарын үсгээ зурах хэрэгтэй. Дүрэм шийдвэрийн доор гарын үсэг зурахдаа гэсэн үг.
Дүрэм бас шийдвэр дээр мөнгөний хэмжээгээ бичихдээ дансанд мөнгө хийснийхээ хэмжээг л бичнэ гэсэн үг. Үйл ажиллагааны чиглэлийг бичихдээ хамаагүй бичиж болохгүй. Тусгай зөвшөөрөл авч байж эрхлэх бол бичиж болохгүй. Гэрчилгээн дээр шууд бичигдэх үйл ажиллагааны чиглэл гэж байдаг юм. Бүх бичиг баримтаа нэг цэнхэр хавтсанд хийнэ. Архивын шаардлага хангасан хавтас гэж хэлдэг юм билээ. 2 нүх гаргаад хийчихдэг хавтас. Урд талынх нь соёмбо тамга дотор 1500 төгрөг гээд зарж байгаа.
Энэ бүгдийг та бүрдүүлээд өгөнгүүт болсон бол ажлын 2 хоногийн дараа тэдэн цагаас ирж гэрчилгээгээ аваарай гэж нэг хуудас өгнө. Бүртгэгч материалыг тань шалгах үед ойлгомжгүй болон буруу зүйл бага байвал утсаар ярьж лавлаад засаад ирээрэй гэж хэлдэг юм билээ.

За цаг нь болвол гэрчилгээ тань гараад ирэхээр нэг хувь хувилуулж Улсын Бүртгэлийн газарт үлдээгээд гэрчилгээгээ болон өөрт тань үлдээж байгаа баталгаажсан нэг хувь дүрмээ аваад л улсын бүртгэлийн газраас гарна даа. Энэ 2 бичиг баримтыг маш сайн хадгалах хэрэгтэй.

 

  1. Дараа нь тамгаа захиалах хэрэгтэй.

Тамга Соёмбо тамгаас лав 30 минутын дотор гарна. Бас авч явахад авсаархан хэлбэртэйгээр захиалж болно. Бага зэрэг илүү үнэтэй л болно. Хүрээнийх нь хээг болон тойрог юм уу дөрвөлжин гэдгээ, улаанаар уу хөхөөр дарагдах уу гэдгийг сонгож болно. Энгийн тамга 45000 төгрөг байна.

 

  1. Одоо банк орж дансаа баталгаажуулна. 

Компани анх байгуулах үедээ дансаа нээлгэх үед бол компаний аль нэг ажилтан ирээд нээлгэсэн ч болно. Энэ данснаас гүйлгээ гарах боломжгүй юм. Гэрчилгээ гарч тамга тэмдэгээ авсны дараа дансаа баталгаажуулах үед компани байгуулах шийдвэрээр томилогдсон хүн буюу гарын үсэг зурах эрх мэдэлтэй хүн тамгатайгаа ирээд гарын үсгээ баталгаажуулаад гэрээгээ байгуулдаг юм. Энэ үед 1-р гарын үсэг, 2 гарын үсэг гэж баталгаажуулдаг юм. Тэр үедээ зөвхөн нэгдүгээр гарын үсгээр гүйлгээ хийгдэх үү, 2 –уулаа хамт зурж байж гүйлгээ хийгдэх үү, аль нэг нь байхад л гүйлгээ хийж болохоор эрх мэдэлтэй байх уу гэдгийг шийдээд гэрээгээ хийдэг.
Банканд ирэхдээ

  • Гэрчилгээний хуулбар
  • Дүрэмний хуулбар
  • Гарын үсэг болон тамгыг нотариатаар баталгаажуулсан байна. Түр гэрээ хийхдээ банкнаас загварыг авна. Тал бичгийн цаас байна. Банк бүр өөрийн гэсэн маягттай.
  • Гарын үсэг зурах хүнд тухайн дансыг захиран зарцуулах гарын үсэг зурах эрх олгож байгаа тухай шийдвэр /Гишүүд бүгд гарын үсэг зурсан байх/тамгаа дарж гарын үсэг зурж баталгаажуулсан байх.
  • Данс нээж өгнө үү гэсэн албан бичиг. 
  • Иргэний үнэмлэх гишүүн бүрийнх, гадаад хүн бол гадаад паспорт болон монголд оршин суух эрхийн үнэмлэх байна. Гүйцэтгэх захирлынх мөн хэрэгтэй. 
  • Гэрээ банкнаас өгнө.
  • Гүйцэтгэх захирал томилж байгаа бол албан бичиг дээрээ гүйцэтгэх захирал нь байгууллагын мөнгийг захиран зарцуулах эрхийг олгож байгаа тухайгаа заавал тусгана.
  • Интернет банкны үйлчилгээгээ нээлгэхээ мартаж болохгүй.

Интернет банкны үйлчилгээг гэрээгээ хийх үедээ нээлгэж болно. Үүнийг нээлгэх юм бол интернетээр хэзээ ч гэсэн дансаа удирдаж гүйлгээ хийж болох юм. Энэ нь янз бүрийн хязгаартай байдаг юм байна. Өдөрт 10 000 000 төгрөг хүртэлх гүйлгээ хийх эрхтэй, 500 000 000 төгрөгний гүйлгээ хийх өндөр хэмжээтэй гүйлгээний эрх ч бас авч болно.

 

  1. Данс эзэмшихэд

Харилцах данс буюу компанийн данс бол 1 сард 1000 төгрөгийн шимтгэлтэй байдаг. Долларын данс бол таны данснаас сар бүр 1000 төгрөгтэй тэнцэх хэмжээний цент хасагдах болно гэсэн үг. 

Компаний данснаасаа бэлнээр гүйлгээ хийх буюу бэлэн доллар авах үед 0.25 хувийн шимтгэлтэй байдаг юм байна. Бэлнээр авсаар байгаад дуусгах юм бол та 100 000 долларынхоо 0.25 хувийг энэ банкинд үлдээнэ гэсэн утгатай. Данс руу шилжүүлэх үед бол шилжүүлгийн шимтгэлээ авдаг юм байна. Энэ шимтгэл нь долларын данснаас долларын данс руу болон төгрөгийн данс руу шилжүүлэхэд 50 центийн шимтгэлтэй, Банк хооронд гүйлгээ хийх үед дээр заасан дүн дээр 1500 төгрөг нэмэгдэх болно. Цахим банк ашиглаж байгаа бол 100 төгрөг нэмэгдэх болно. 

Ойролцоо илэрц

Leave a Comment