Хэрэгтэй мэдээлэл

Дижиталчлал

Digitization[дижиталчлал] гэдэг нь аналог форматад хадгалагдсан өгөгдөл мэдээлэл (цаасан дээр, дуу, зураг г.м.)-ийг цахим хэлбэрт хувирган шилжүүлнэ гэсэн үг юм. Ингэснээр компьютер эдгээр мэдээ, мэдээллийг хадгалах, ойлгох, цаашид ашиглах боломжтой болно гэсэн хэрэг. Ихэнх санхүүгийн байгууллагууд олон арван жилийн турш өөрсдийн үйл ажиллагааны мэдээллийг автоматжуулах болон хадгалах зорилгоор банкны үндсэн систем болоод удирдлагын мэдээллийн системийг нэвтрүүлж ашигласаар ирсэн. Зарим байгууллагууд, ялангуяа бичил санхүүгийн салбарын байгууллагууд цахим аппликейшныг 10 гаран жилийн өмнөөс өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Тэд өөрсдийн ажилтнуудад (зээлийн мэргэжилтэн болоод харилцагчийн үйлчилгээний ажилтнууд) таблет, ухаалаг гар утас гэх мэт цахим төхөөрөмж ашиглан харилцагчийн бизнесийн газарт зочлох явцдаа анхдагч өгөгдөл мэдээллийг цахим хэлбэрээр газар дээр нь цуглуулан хадгалах боломжийг олгодог байна. Энэ нь аажмаар цаасан маягтуудыг халж өгөгдлийн илүү сайн чанар, бизнесийн илүү шуурхай үйл ажиллагааг (тухайлбал, зээл олголт / шийдвэр гаргалт гэх мэт) ханган ажиллах боломжийг бүрдүүлсэн байна.

Үүний сацуу, илүү их системтэй, оновчтой байдлаар хэрэглэгчдийн бизнесийн талаарх мэдээ мэдээллийг цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийснээр нийт зээлийн багцын чанарыг сайжруулах болон зээл олголтын хугацааг багасгаж чадсан. Нэгэнт цуглуулсан харилцагчийн мэдээллийг систем нь боловсруулан, нарийвчилсан байдлаар зээлийн хороо буюу зээлийн шийдвэр гаргагчдад тайлагнадаг байна. Хэрэв зээлийн үнэлгээний үйл явц нь цахимжсан бол зээл үнэлэлт болон олголтын үйл явц бүгд автоматаар хийгддэг. Мэдээллийг тоон технологид шилжүүлэх үйл явцыг мөн мобайл болон интернэт банкаар дамжуулан хийх боломжтой бөгөөд энэ нь санхүүгийн байгууллагуудыг салбар төлөөлөгчийн газраар дамжуулан харилцагчдаа хүрэх хэрэгцээг бууруулахын зэрэгцээгээр харилцагчдын цахим ул мөрийг улам гүнзгийрүүлэх боломжийг олгодог.

Big Data энэ ойлголт нь сүүлийн жилүүдэд маш их яригдах болсон. Энэ ойлголтын зарим асуудлууд нь хамааралтай, мөн ирээдүйтэй хэдий ч зарим санхүүгийн байгууллагууд нь эхлээд зохих мэдээллийн бодлого болон стратеги тодорхойлолгүйгээр хөрөнгө оруулалт хийж эхлэх нь олонтоо байдаг. Тиймээс бид нэн тэргүүнд дараах зөвлөмжүүдийг хүргэж байна:

Мэдээллийн бодлого стратеги: байгууллагын түвшинд мэдээллийн бодлого, стратегийг тодорхойлж хэрэгжүүлэх үүрэг бүхий бизнесийн хэлтэс нэгжийг байгуулах;
Мэдээллийн сан бэлтгэх ба хадгалах: санхүүгийн байгууллагын хувьд ямар мэдээллүүд бэлэн байгаа? Эдгээр мэдээллүүд нь хаана байршиж (ямар системд хадгалагдсан) байдаг? Хамгийн чухал нь ямар мэдээлэл шаардлагатай байдаг хэдий ч өгөгдөл мэдээллийг цуглуулдаггүй (эсвэл тоон хэлбэрт хувиргаж амжаагүй)? зэрэг асуултуудад хариулах хэрэгтэй. Эцэст нь шаардлагатай өгөгдөл мэдээллийг олж авах стратегийг боловсруулах;
Мэдээллийн чанар: өгөгдөл мэдээллийн давтагдсан байдал, хэрэгцээгүй болон нийцэмжгүй байдал зэрэгтэй холбогдон гарах бэрхшээлийг арилгах, засан залруулах;
Мэдээллийг цэгцтэй байдал, өөрөөр хэлбэл шаардлагатай мэдээлэл өгөгдлүүд нь ач холбогдлоор ангилагдсан, цэгцтэйгээр бэлтгэгдсэн байх. Түүнчлэн мэдээ, мэдээлэл нь бизнесийн удирдлагын хувьд ашиглахад хялбар (нарийвчилсан, дүн шинжилгээний тайлан г.м. хэлбэрээр) практик хэрэглээтэй байх.
Мэдээллийг тоон технологид хувиргах нь цахим шинэчлэл хийх аяллын эхний бөгөөд хамгийн чухал алхам юм. Бас энэ алхам нь эцэс төгсгөлгүй. Учир нь шинээр бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх явцад шийдвэр гаргагчид өгөгдөл мэдээллийг тоон технологид нийцүүлэх шаардлагыг ихэнх тохиолдолд мартдаг байна. Үр дүнд нь тэд мэдээлэл өгөгдлийн цаасан хэлбэрийг дахин ашиглаж эхэлдэг байна. Иймээс цаасан дээрх мэдээллийг системтэйгээр багасгах нь өөрөө нэлээд цаг хугацаа шаарддаг байна.
Эх сурвалж: RSBP Central Asia